Сицилийн цагдаа нар “алдарт” Корлеонийн мафийн бүлэглэлийн үйлдсэн мөнгө угаах гэмт хэргийг шалгах ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гарагт Итали, Испани, Андорра дахь хийн компаниуд, үл хөдлөх хөрөнгө, машин, бэлэн мөнгийг битүүмжлэн хураан авчээ.
Энэхүү хийн салбарын суурийг 2000 онд нас барсан Сицилийн төрийн албан хаагч Эзио Руггеро Мариа Бранчато 1980-аад онд анхлан тавьж байжээ. Бранчато болон түүний өв залгамжлагч нар нь Корлеонийн гэр бүлийн Вито Гианчимино болон трактор хочит Бернардо нартай хамтран ажиллаж хууль бус ажлууд хийж эхэлсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Корлеонийн бүлэглэлийн удирдлага дор Хийн групп нэртэй 6 хийн компаниийг нэгтгэсэн групп үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гианчимино, Бернардо нар эдгээр компаниудад их хэмжээний хөрөнгө оруулсан нь тогтоогджээ.
Энэхүү хэрэгтэй холбоотой төрийн албан хаагч болох Бранчатогийн бэлэвсэн эхнэр болон хоёр охин тус Хийн групп дэх өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа 2004 онд Испанийн нэг компанид 46 сая еврогоор зарсан байна. Компани тухайн үед нийт 115 сая еврогоор үнэлэгдэж байжээ.
Италийн цагдаа нар Испани болон Андоррагийн цагдаа нартай хамтран өөр компани болон хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй 6 компани, 59 үл хөдлөх хөрөнгө, 4 машин, нэг мотоцикл болон олон тооны банкны данс, үнэт эдлэл, их хэмжээний мөнгө бүхий сейфүүдийг битүүмжлэн, хурааж авсан байна.