Та бид Бермудын гурвалжинг дэлхийн хамгийн нууцлаг, хачин жигтэй газар гэдгийг мэднэ. Тэгвэл дэлхий дээр энэнээс ч илүү тааварлашгүй зүйлс өрнөдөг газар олон бий. Ингээд хамтдаа Бермудын гурвалжингаас ч илүү нууцыг агуулж буй сонирхолтой арван газраар аялцгаая.
АНУ-ын “The Superstition Mountain” уул: АНУ-ын Аризона мужид байдаг энэ уулыг 25 сая жилийн тэртээ галт уулын дэлбэрэлтээс үүссэн гэж үздэг. Хэдэн зуун м урт сунаж тогтсон ууланд 1800-аад оны үед Германы цагаач Жейкоб Уолц (1810 – 1891) – ийн олж илрүүлсэн алтны асар баялаг уурхай бий гэж итгэсээр иржээ.
Эрдэс баялагийн арвин сантай энэ уурхайг нуруудын хаа нэгтээ байдаг гэдэг ч маш олон удаагийн экспедицийнхний судалгаа шинжилгээгээр ямар ч ул мөр олоогүй байдаг. Магадгүй Жейкоб уурхайг нас барсан хойноо ч гэсэн нуусаар байж болох юм. Нутгийн иргэдийн хэлснээр энэ уулыг сүнстэй гэдэг. Эдгээр сүнс нь алтны уурхайг хайж яваад амь үрэгдсэн хүмүүсийн хоргодсон сүнс гэх нь бий.
Уултай холбоотой маш олон домог яриа байдгийн нэг нь уулын эрдэнэсийг Туар Тамс гэж нэрлэдэг одойчууд хамгаалж байдаг ба тэд уулын доорх агуйд амьдардаг аж. Судалгаагаар жилдээ хамгийн багадаа 8000 хүн уурхайг хайхаар уулыг зорьдог байсан гэнэ.
Бермудын гурвалжин: Дэлхийг хүрээлсэн маш олон давхарга бий. Тэдгээрийн нэг нь Ван Аллены цацрагийн бүслүүр гэж нэрлэдэг хачирхалтай соронзон орон юм. Энэхүү орныг АНУ-ын эрдэмтэн, сансар судлаач Ван Аллен (1914 – 2006) нээсэн учир түүний нэрээр нэрлэжээ.
Ван Аллены соронзон орон нь дэлхийн гадаргаас 1000 км – 60.000 км орчимд байдаг ба хэлбэр, хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг. Огторгуйн энэхүү соронзон орны нөлөөлөл Атлантын далайн өмнөд хэсгийн орчимд түлхүү мэдрэгддэг бөгөөд дайрч өнгөрсөн сансрын хиймэл дагуул, хөлөг онгоцны програмчлал ажиллагаагүй болдог гэнэ.
Бодит жишээ нь “The Hubble Telescope”-ийн тусламжтайгаар энэхүү соронзон орныг ажиглаж туршсан юм. Туршилтын үеэр телескоп өдөрт 5 удаа шалтгаангүйгээр ажиллахгүй болж байжээ. Эрдэмтэд учрыг нь хараахан олж тогтоогоогүй бөгөөд яагаад ийм зүйл болоод байгааг ч тайлбарлаж мэдэхгүй гэнэ. Зарим нь үүнийг
харь гарагийнхантай холбон үздэг ажээ.
Канадын Ангикуни нуур: Канадын Нунавут мужид байдаг Ангикуни нуур нь Үхэгсдийн тосгоны сав газар гэдгээрээ дэлхийд танигджээ. 1930-аад оны үед нуурын эрэг дээр Иниут хүмүүс амьдардаг байсан юм. Инуит нь одоогоор бол Эскимос хүмүүсийг хэлсэн ухагдахуун бөгөөд Гринланд, Канад, Аляскийн уугуул иргэд юм. Тухайн жил нуурын орчим 2000 орчим хүн ам амьдарч байсан ч нэг л өдөр ор сураггүй алга болсон гэдэг.
Энэ хачирхалтай үйл явдлыг тосгоныхныг сайн мэддэг анчин Жо Лабелль гэрчилсэн байдаг. Тэрээр цагдаагийнханд хандаж эрлийн ажлыг эхлүүлсэн ч тосгоны ганц ч хүнийг олоогүй юм. Оронд нь харин хүний эсвэл амьтны гэдгийг нь мэдэхгүй ганц булш, өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хэдэн нохойг олжээ. Домогт өгүүлснээр нутгийнхныг алга болоход тэнгэрт хурц гэрэл тодорч үзэгдсэнээс үзвэл тэднийг харь гарагийнхан авч явсан гэдэг.
Японы Ад зэтгэрийн тэнгис: Луугийн гурвалжин ч гэж нэрлэдэг энэ газар Токиогоос өмнө зүгт 100 км орчимд байдаг. Японы газрын зурагт тэмдэглэснээр энэ газрыг аюултай бүс хэмээн тодотгож сэрэмжлүүлсэн байдаг нь энэ газарт 1952 – 1954 онд Японы цэргийн таван ч хөлөг ор сураггүй алга болж, 700 гаруй хүний сураг тасарсантай холбоотой юм.
Засгийн газраас эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлахын зэрэгцээ энэ газрыг судлуулахаар 100 эрдэмтдээс бүрдсэн багийг илгээсэн ч мөн л алга болжээ. Үүнээс хойш энэ газрыг эргэлт буцалтгүйгээр аюултай бүсэд тооцох болсон аж.
Зарим эх сурвалжид цэргийн гээд байгаа хөлөг онгоцууд нь загас агнуурын завь байсан бөгөөд тухайн үед загас агнуурын завь сураггүй алга болох үзэгдэл түгээмэл байжээ. Мөн түүнчлэн нэг хөлөг нь Луугийн гурвалжингаас 300 км зайд орших гүний галт уулыг судлах гэж яваад дэлбэрэлтэд өртөж живсэн гэнэ.
АНУ, Роберт Бигелоугийн эдлэн: 1.9 км.кв газар нутгийг хамран орших энэ газарт харь гарагийнхантай холбоотой хачирхмаар үзэгдэл олон гардаг. Үүнийг 50 гаруй жилийн турш хийсэн ажиглалт судалгааны дүнд баталсан бөгөөд энд мутацид орсон амьтдаас эхлээд харь гарагийн нисдэг таваг олноор эргэлдэж, шар нүдтэй аварга биетэй амьтад үе үе гарч ирдэг гээд 100 гаруй хачирхалтай явдлын нотолгоог олжээ.
Тэдгээр нь бууны суманд үхдэггүйгээс гадна нисдэг тавгууд нь соронзон үүсгэдэг гэдгийг сэтгүүлч, зохиолч Жорж Кнапп (1952 онд төрсөн) олж мэджээ. АНУ-ын Юта мужийн энэ газарт 1950-аад оноос хойш тайлагдашгүй үйл явдал олон гардаг байсан ч 1994 оноос нэмэгдсэн гэнэ.
Эдлэнг 1990-ээд онд Терри ба Гвен Шерманы гэр бүл худалдаж авсан ба эдлэндээ нүүж ирсэн эхний өдөртөө чонотой таарчээ. Чоныг буудсан ч сум нь ямар ч нөлөөгүй байсан ба мөрөөр нь мөшгих гэтэл ямар ч ул мөр олдоогүй аж. Ингээд 1996 онд эдлэнг Роберт Бигелоу худалдаж авсан бөгөөд тэрбээр харь гарагийн
мэт хачирхалтай явдал өрнөдөг газрыг судалж байгаа гэнэ.
АНУ, Мичиган нуурын гурвалжин: Мичиган нуурын төв хэсэгт байдаг тайлагдашгүй нууцаар баялаг энэ газарт хамгийн анх 1937 онд ахмад Жорж Доннерын удирдаж явсан ачаа тээврийн хөлөг онгоц сүйрч ор сураггүй алга болжээ. Мичиган нуурын гурвалжингаар зорчсон агаарын эсвэл тэнгисийн ямар ч хөлөг онгоц сураггүй болдог жамтай юм.
Хоёрдахь харамсалтай тохиолдол нь 1950 онд, гуравдахь нь 1998 онд болжээ. 1998 оны ослын үеэр ОХУ-ын нисгэгч сураггүй болсон юм. Эдгээр тохиолдлоос үлдсэн ямар ч ул мөр, онгоцны сэг зэм, багийнхны цогцос олдоогүй.
АНУ, Пойнт Плезант гүүр: Хуучнаар “The Silver Bridge” гэж нэрлэдэг байсан энэ гүүр нь Пойнт Плезант, Канауга хотыг холбодог байжээ. 1960-аад оноос гүүрийн орчим ер бусын явдлууд үзэгддэг болжээ. Хачирхалтай явдал улам гаарсаар 1967 онд гүүр нурж 46 хүний амийг авч одсон учир битүүлэг үхэл гарчээ. Ийм учир битүүлэг явдал гарах болсон шалтгааныг тайлаагүй хэвээр боловч “The Mothman” гэж нэрлэдэг хүн эрвээхийтэй холбон тайлбарласан юм.
Энэ нь улаан нүдтэй, хүн шиг харагддаг ч 2.1 м урт далавчтай амьтан бөгөөд ослоос 13 сарын дараа гүүрээр үзэгддэг болсон аж. Хотынхны дийлэнх нь энэ хачирхалтай явдалтай нүүр тулсан байдаг ч чухам юу байсныг одоо ч тайлаагүй билээ. Хожмоо харь гарагийн хүн байсан гэж итгэдэг болжээ.
АНУ, Сан Луисын хөндий: Энэ бол АНУ-ын Колорадо мужийн өмнөд хэсэгт орших өндөрлөг уулсын хөндий бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа тайлагдаагүй “нууцлаг” газруудын нэг юм. Эндэхийн фермерүүд шөнөдөө хурц тод гэрлийн гялбааг харахын сацуу шөнийн энэ л цагт эрүүл байсан амьтад мутацид орж ямархуу хачин төрхтэй болохыг үздэг гэнэ.
Харь гарагийн нисдэг биетийг хамгийн олон харсан хүн нь нутгийн иргэн Жуди Мессолайн бөгөөд 2000 оны байдлаар дор хаяж 50 харь гарагийн нисдэг тавгийг ганцаараа болон орон нутгийн бусад иргэдийн хамт харж байжээ.
АНУ, Беннингтоны гурвалжин: Энэ газар нь ном зохиол, кинон дээр олонтаа гардаг айдас дагуулсан газар юм. 1920 – 1950 оны хооронд таван хүн алга болжээ. Нэгийнх нь цогцсыг олсон ч байж боломгүй сонин төрхийг олсноос гадна үхэлд хүргэсэн ямар ч шалтгааныг олж тогтоогоогүй юм.
Сураггүй болсон хүмүүсээс дурьдвал 1945 онд анчин Мидди Риверс, 1946 онд оюутан охин Паула Вельден, 1949 онд ахмад дайчин Жеймс Тетфорд, 1950 онд Пол Жепсон ба Фрида Лангер нар ор сураггүй болжээ.
Эдгээр тохиолдлуудад хүмүүс маш олон таамаглал дэвшүүлсэн байдгаас сонирхуулбал, эндэхийн ойд хар гарагийн мэт хачин жигтэй амьтад орогнодог болохыг, зарим нь цуврал алуурчин байгаа зэргээр ярьдаг. Ингээд эндэхийн иргэд эндээс аль болох холхон байхыг эрмэлзэх болсон юм.
АНУ, Брижуотер хотын гурвалжин: Эрхэм та ажигласан бол Гурвалжин гэсэн газраас ер нь холхон явахад илүүдэхгүй ажээ. Ингэж нэрлэгдсэн олон газарт санаанд багтамгүй хачирхалтай зүйлс олон гарсан байдаг. Дэлхийн тайлагдашгүй нууцуудыг судлаач Лорин Коулман ямар газрууд гурвалжинд багтдаг болохыг тодорхойлсон ном хүртэл гаргажээ.
Тэгвэл АНУ-ын “The Bridgewater Triangle” гэдэг газар нь Массачусетс мужийн зүүн өмнөд хэсэгт байдаг 520 км.кв газрыг хэлдэг. Энд хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй мутант амьтдыг харахаас гадна 1970-аад оноос үзэгдэх болсон харь гарагийн нисдэг тавгуудыг харж болно. Ялангуяа тас хар өнгийн нисдэг тэрэг энэ газраар үе үе эргэлддэг байжээ. Харь гарагийнхан зүгээр ч нэг үзэгдэхгүй бүр газарддаг байсныг нутгийнхан нь баталдаг.