Зээлийн хүүд хязгаар тогтоох нь зохистой юу хэмээн салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчдын байр суурийг “Зууны мэдээ” сонин уншигчиддаа цувралаар хүргэсэн. Мэдээж зээлийн хүү бууруулах нь олон нийтийн хүсэл сонирхол. Гэвч түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг сайжруулах хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлж байна. “Зээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна” хэмээн эдийн засагч Д.Дэлгэрсайхан тайлбарласан. Тэгвэл бодит байдал дээр инфляцийн төвшин нийслэлд гэхэд л 9.3 хувьтай байгааг Монголбанкны цахим хуудсаас харж болох юм.
Тэгэхээр инфляц, мөнгөний бодлогын хүү хоёрын нийлбэр зээлийн бодит хүү болно гэдгийг “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэдалай хэлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн бодит хүү одоогийн нөхцөлд 20.3 хувь байх боломжтой бөгөөд энэ нь эрсдэлгүй зээлийн хүү гэдгийг тэрээр тодотгож байлаа. Санхүүгийн зах зээл дээрх бодит хүүгийн төвшнөөс доогуур хэмжээнд хүүг тогтоох ямар ч боломжгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд учирласан. Сүүлийн үед сангуудаас бага хүүтэй зээл гарч байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой хэмээн олон нийт ярьж байна. Нөгөөтэйгүүр тусгай сангуудаас гарч буй зээлийн хүүг арилжааны банктай харьцуулах нь төдийлөн оновчтой биш хэмээн салбарын шинжээчид хэлж байлаа.
Үнэн хэрэгтээ зээлийн хүүг бууруулах тухай ярихаасаа өмнө энэ салбарт ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй юм. Цаашилбал, хөрөнгийн зах зээлийг бойжуулж, хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх вэ гэдэг ч зээлийн хүүг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ. Тэгвэл зээлийн хүү гэдэг чухам юу вэ гэдгийг ч бас тайлбарлах учиртай. Зээлийн хүү гэдэг маань зах зээлийн үнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хүн бүрийн хэрэгцээнд шаардагдах бүхэн тодорхой үнэтэй байдагтай адил юм. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Одоо бидний ашиглаж буй зээлийн хүү нь зах зээлээс хамаарч байгаа хэдий ч манайд эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэл, ирээдүйг таамаглах боломж зэргээс хамаарна.
Монгол Улсын хувьд хүүгийн төвшинг өндөр тогтооход нөлөөлж байгаа хүчин зүйл нь эдийн засгийн өндөр эрсдэл гэж болно. Жишээлбэл, 2009 оноос хойш хоёр дахь удаагаа уналтад орсон. Энэ хугацаанд эдийн засаг маш их савлагаатай байсан шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 онд 17 хувийн өсөлттэй байсан бол хоёр жилийн өмнө нэг хувийн өсөлттэй байсан нь олон нийтийг түгшээж байлаа. Тиймээс эдгээр нь манай эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлсон барометр болж байна. Гэхдээ бидний хувьд хоосон ярихаас илүү бодит ажил болгож түүнийгээ ард түмний амьдралд хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлэх учиртай. Санхүүгийн салбарын хөгжлийг бэхжүүлэх нэг хөшүүрэг нь хөрөнгийн зах зээл гэдгийг байнга ярьдаг.
Тэгвэл бид энэ захыг хөгжүүлэхийн тулд компаниудын мэдээлэл, тайлан ил тод, шилэн, ойлгомжтой байх ёстой аж. Хэрэв бид хувьцааны зах зээл рүү хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байвал эхлээд Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тайлан, бланс цэвэр байлгах хэрэгтэй гэсэн үг л дээ. Хэдий хэмжээний ашиг олох боломжтой, ямар үйл ажиллагаа явуулдаг, тэр нь зах зээлийнхээ эрэлтийг хангаж чадах эсэх гээд нэлээдгүй мэдээллийг харж хөрөнгө оруулагчид орж ирэх болно. Гэтэл энэ тал дээр манай хөрөнгийн захад ажилладаг компаниуд хойрго, хаалттай байгаагаас хөгжиж чадахгүй байгаа хэмээн судлаач шинжээчид онцолдог.
Эцсийн дүндээ эдийн засгийн чадавхийг сайжруулахын тулд зээлийн хүү гэх “барометр”-ийг ашиглах хэрэгтэй юм байна. Бид хэдий хэмжээний хүү төлж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа хойно энэ хэрээр эдийн засгийн эрсдэл өндөр байгаагийн гэрч гэдгийг санах учиртай. “Барометр”-ийг хуулиар хязгаарлах тухай ярихын оронд энэ хэмжүүрээ ашиглан эдийн засгаа хэрхэн тогтвортой өсөлттэй байлгах талаар ярилцах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд болоод эдийн засагчид сануулсныг сонордуулъя.
Эх сурвалж: