Л.Оюун-Эрдэнэ: Бас яагаад УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуугаад байгаа юм

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс өнөөдрийн (2018.12.27) жагсаал цуглаантай холбогдуулан яриа авлаа.
-Өнөөдрийн жагсаал 60 тэрбумын эсрэг, МАНАН-гийн эсрэг гэсэн тодорхойлолттой болж байх шиг байна. ЖДҮ бас л нийгмийн бухимдлыг төрүүлсэн сэдэв. Та яагаад ЖДҮХС-гаас зээл авсан нөхдийн асуудлаар дуугарахгүй байна вэ. Асуудлыг өнөөдөр хамт хөндөж болоогүй юм уу?
-ЖДҮ-ийн асуудлаар би дуугараад байгаа шүү дээ. Бүх юмны эсрэг жагсаж болохгүй шүү дээ. Нэг албан тушаалтныг л огцруулъя гэж байна. 60 тэрбумын хэргийг би наадмын өмнөөс өнөөдрийг хүртэл ярьж байна. Би бүх юмыг ярих ёстой хүн бас биш шүү дээ. Зарчмын хувьд би 60 тэрбумын ч, ЖДҮХС-гаас зээл авахын ч эсрэг байр сууриа илэрхийлсэн байгаа. Цаашдаа бүх сангуудыг шалгах хүсэлтийг ЗГХЭГ-ын даргад өгсөн. Л.Бадамжунайгийн үеэс яаж эхэлсэн гэдгээс өнөөдрийг хүртэлхийг шалгах ёстой. Яагаад яамнаасаа тараадаг болсныг бүгдийг шалгах ёстой. Хоёр жилийн хугацаанд би бүх хууль бус асуудлуудын шалгалт М.Энхболд гэдэг нэг л хүн дээр очоод гацдаг гэдгийг ойлгосон. ЖДҮ-тэй холбоотой асуудал ч гэсэн М.Энхболд дарга огцорсны дараа шинэ УИХ-ын дарга гарч ирж байж, зарим хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцсоны дараа л шударгаар шийдэгдэх байх.
Иргэдийн анхаарал төвлөрсөн ч юм уу, эсвэл М.Энхболдтой холбоотой асуудал гарахаар энийг яаж ийж байгаад сарниах гэсэн оролдлогууд нэлээд яваад байгаа юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл зунаас хойш энэ тухай ярьж явахад дандаа л өөр сэдэв гаргаж ирээд байдаг. Би энийгээ л ярья л даа. Би яагаад өөр сэдэв ярих ёстой юм. Өөр бусад гишүүд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би М.Энхболд дарга огцорсны дараа томоохон ажлын хэсэг байгуулаад ЖДҮ-ийн асуудал руу орно.
-60 тэрбум бол яригдсан яриа гэдэг нь үнэн болсон. Ямар ч албан тушаалыг мөнгөөр авч болдог юм байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болоод байна. ЖДҮ-чид сайдын албан тушаал хашиж байна. ЖДҮ-г бас тараасан байна. Тэгэхээр УИХ-ын гишүүний суудлыг ч мөнгөөр авсан болж таараад байна. Таны хувьд хэдэн төгрөг өгч УИХ-ын гишүүн болсон бэ?
-УИХ-ын гишүүн хамгийн хямд зардлаар, итгэлцлээр сонгогддог байх ёстой. Миний хувьд компаниудаас ямар ч мөнгө аваагүй. Би хувь иргэдээс хандив авах аян зарлаад өөрийнхөө хэмжээнд сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулсан. Хамгийн үр бүтээлтэй бөгөөд хямд кампанит ажил манайх болсон. Хэнтийн иргэдээс асуугаарай. Хуулийн хүрээнд зардлаа Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн. Би одоо мөнгөн дүнг хэлж мэдэхгүй байна.
-Та өөрөөсөө хэчнээн төгрөг гаргаж сонгуульдсан, УИХ-ын гишүүн болсон бэ гэдгээ мэдэж байх ёстой биш үү?
-Баримтаа гаргаад СЕХ-нд өгчихдөг шдээ. Бас яагаад өнөөдөр энэ талаар заавал асуух нь юунд хэрэгтэй байгаа юм бол. Цаашдаа 60 тэрбум гэдэг зүйлийг тогтолцооных нь хувьд л харах ёстой. Ийшээ л асуулт тавьж, ийшээ л соён гэгээрүүлбэл сайн байхгүй юу. Тэгэхгүй бол нэг юмны дундуур нэг юм оруулж ирэхээр чамд ч сонирхолгүй, би ч ярихад сонирхолгүй. Шударга ёсны төлөө гэж байгаа хүмүүсийг л шударга биш гэх гээд байгаа юм аа даа.
-УИХ-ын даргыг огцруулах Та бүхний үйлдэл хууль бус болчихоод байгаа. Ийм нөхцөлд хуулийн дагуу шаардлага тавьж байна гэх нь хэр оновчтой юм бол?
-Огцрох өргөдлөө өгнө гэдэг чинь л хуулинд боломж байна гэсэн үг. Дэлхийн бүх тохиолдлуудад өөрөө л огцрох өргөдлөө өгдөг шдээ. Яагаад зөвхөн М.Энхболдод зориулж хууль гаргах ёстой юм бэ.
-Өнөөдөр маш олон хүн жагсаалд оролцлоо. Хэрвээ жагсаалын үеэр үймээн дэгдвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Тэгээд л бид хуулийн байгууллагад хандсан шдээ.
Я.ХУЛАН