УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан УИХ-ын гишүүд өнөөдөр (2018.12.27) төв талбайд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” нэртэй жагсаал зохион байгуулав. Жагсаалд 25 мянган иргэн ирсэн гэж зохион байгуулагч УИХ-ын гишүүд тусгайлан зассан тайзнаас мэдэгдэв.

Жагсаалыг УИХ-ын нэр бүхий гишүүд зохион байгуулсан гэх боловч талбайд ашигласан тоног төхөөрөмж, ашигласан машин техник нь цуглааны ард нэгдсэн зохион байгуулалт байгааг харуулах шиг. Нэхүүл хөдөлгөөн нэрээр танигдсан эрчүүд жагсаалын дунд зохион байгуулалт хийж тайзан дээр үг хэлж болох, болохгүй хүмүүсийг ялган, тайзны урдуур зогссон жагсагчдыг тэд л нааш цааш болгож байв.

Жавар тачигнасан өдөр гадаа хүйтэнд бээрсэн хүмүүс үнэхээр бухимдлаа тайлах гэж ирэв үү, бусдын ятгалганд автсан уу, сонирхоод ирээд буцав уу, зоосны нүхэнд багтчихав уу гэдгийг гаднаас нь хараад шууд хэлэхэд бэрх. Ийн эргэлзэхийн учир нь цахим орчинд жагсагчдыг машинаар зөөсөн гэх мэдээлэл цацагдсантай холбоотой юм. Хараахан батлагдаагүй ч жагсагчдын тоог нэмэх урамшууллын ханш 80-100 мянган төгрөг байсан гэх мэдээ ч үзэгдэж байна.

Жагсаалыг цагдаагийн байгууллага орох гарах хаалга нээсэн бөгөөд жагсагчдыг дотогш оруулахдаа металль илрүүлэгчээр шалган, согтууруулах ундаа уусан эсэхийг тандаж, цүнхэнд үзлэг хийн оруулж байв. Долдугаар сарын 1-ний гашуун үйл явдлын сургамж ийм хэмжээний хяналт тавих ёстойг сануулсан биз ээ.

Сурвалжлах баг талбай дээр дөнгөж очиход бүлэг хүн нэг газраа бөөгнөрч, тэнд нэг хүн цагаан хоолойгоор бусдыгаа уриалан ярьж байх юм. Дөхөж очвол ДМНН-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Даш хамт олонтойгоо иржээ. Тэрээр “Амь тавьж байгаа МАНАН бүлэглэлийн сүүлчийн хоног өдрүүд нь болж байна. Бид түүхэн цаг үеийг харж байна шүү” гэнэ.

Олон нийт ЖДҮ-чдийн асуудалд ч нэлээд бухимдалтай хандаж буй. Гэвч жагсагчид ЖДҮ-гийн талаар юу ч ярих шинж харагдсангүй. Цугласан хүмүүсийг даарахгүйн тулд нааш цааш холхиж, наранд зогсохыг зөвлөв. Тэднээс хэн нэгний удирдлагаар явж байгаа юм биш биз хэмээн асуухад “Хэвлэл мэдээллийнхэн захиалгаар гуйвуулгын асуулт тавьж, зориуд гол асуудлаас хөндийрүүлэх оролдлогыг хийж байна. ЖДҮ бол жижиг өчүүхэн асуудал. МАНАН-г нурааж чадах юм бол ЖДҮ байтугай асуудлыг бид бүгдийг нь шийднэ. Шат дараатайгаар гол нь МАНАН-гаа устгачихаад дараагийн асуудлуудаа шийднэ” гэв.

Мөн нас сүүдэр 80 хүрэх гэж байгаа өвгөн би МАН-д 50 жил болж байна гэж яриагаа эхлүүлсэн өндөр настан С.Арсланбаатар “Ах нь энэ саарал ордон, Москва хоёрт насыг барсан хүн. Би ганц ч удаа жагсаж үзээгүй. Өнөөдөр би МАНАН-г зад цохихын төлөө, Монголын ирээдүйн төлөө залуу сайхан гишүүдээ дэмжиж дулаан хувцсаа өмсөөд жагсаж байгаа юм. ЖДҮ бол хариугүй юм байхгүй юу, тэр юу юм бэ. Эд нар авлигалаа халхлахын тулд ЖДҮ гэж яриад байгаа юм.

Тэр зээлийг аваад хууль бусаар мөнгө угаасан бол тэр буруу. Яахаараа Их хурлын гишүүн ЖДҮ-гээс хамааралтай компанидаа зээл авч болдоггүй юм бэ? Болно шдээ. У.Хүрэлсүх сайд гишүүдийг уучлалт гуй, мөнгөө төл гэсэн. Түүнээс илүү яалгах гэсэн юм. Энэ бол МАНАН-г нуух гэсэн далим” гэж нэлээд өндөр дуугаар ярилаа.

Энэ үеэр хоёр нөхөр бичгийн цаас барьсаар иргэдийн гарын үсгийг цуглуулж яваа харагдана. Тусгайлан зассан тайзнаас нэг нөхөр “М.Энхбол огцор” гэж микрофоноор бусдыгаа удирдан уриалж байна. Эргэн тойронд утсаа өндөрлөн барьж шууд бичлэг хийж буй хүмүүс олон байлаа. Тэд аль нэг бүлэг, хөдөлгөөн, ТББ-ынх болох нь тодорхой харагдаж байв.

12:00 цаг хараахан болоогүй байхад талбай дээр жагсаалыг санаачилсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар бас Б.Энх-Амгалан гишүүн ирэв. Мөн Шадар сайд асан, МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, Асашёрюү Д.Дагвадорж нарын хүмүүс ирж тэдэнтэй нэгдэж үгээ хэллээ.

Жагсагч гишүүд “ангийн даргынх” нь өрөө түгжээтэй байсан тул шаардлагаа өгч чадалгүй сэтгүүлчдэд хандлаа. 

УИХ-ын даргын өрөөний үүдэнд М.Энхболдыг огцрох тухай шаардлагын төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Шаардлагын төсөл дээр иргэдийн төлөөлөл, цахим сүлжээгээр хандсан иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд ажилласан гэв.

Үүнийг өнөөдөр танилцуулж дуу нэгтэйгээр баталсан аж. Ингээд УИХ-ын даргаас М.Энхболдыг 72 цагийн дотор чөлөөлөгдөхийг шаардаж, хэрэв УИХ-ын дарга М.Энхболд 72 цагийн дотор огцрохгүй бол 2019 оны нэгдүгээр сарын 10-нд орон даяар эсэргүүцлийн жагсаал, шат дараалсан арга хэмжээг авах болно гэв.

Энэ үеэр УИХ-ын даргын өрөө онгойж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гарч ирэхэд Т.Аюурсайхан уриалга бүхий шаардлагаа хүлээлгэж өгөв.

 

Я.ХУЛАН

 

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “ЖДҮ-г мартуулж, 60 тэрбумаар шүгэлдсэн жагсаал”
  1. жагсаалыг дэмжиж бна ард түмэн босох цаг болсон Энхболд огцор хуужаа нартайгаа монголоос хөөж гаргах хэрэгтэй

  2. Энэ 5 ноход ашиг сонирхлын үүдэлтэй тохиролцоо хийж ингэж яваа гсн. Надад ч гсн тэрбум төг өгвөл би ингээд явж чаднашдэ. Мөнгөөр тэмцэгч жүжигчин залуустаа амжилт хүсье! Болд арай хөгшин биеэ бодоорой. Тэртээ тэргүй хөгжлийн банкны 30 тэрбумыг чинь женко хүрэлсүх 2 хав дарахаар болсон ккк

  3. Муу ЖДҮ-чид Хүрэлсүх ОюунЭрдэнэ Нямбаатар Аюурсайхан…УИХ-ыг хуралдуулахгүй шантааж хийж байна УИХ хэрэв хуралдах л юм бол энэ хэдэн хулгайчийн бүрэн эрхийг прокурорын хүсэлтээр цуцлах гээд айгаад үхэх гээд хулгайлсан мөнгөө жагсаалд хүртэл цацаж байна Өөрсдөө хэргээс бултах гэж Энхболдруу бухна. Энхболд яахав тэр огцорно л биз. Харин болохгүй бол УИХ-ыг тараах Засгийн газрыг огцруулах АРД ТЬҮМНИЙ ТЭМЦЭЛ ЭХЭЛНЭ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн