НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо , Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүрэг хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг УБ паласын их танхимд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 3000 эцэг эх оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. “Монгол хүн” аян нь Багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал боловсролын системийн тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, хүүхэддээ цаг гаргах ёстой. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн эцэг эхийн зөвлөгөөнөөр нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа, хүүхдийн хүмүүжилд ямар орчин нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгаа, мөн эцэг эхийн үүрэг роль ямар чухал болохыг зөвлөлдсөн маш ач холбогдолтой зөвлөгөөн анх удаа боллоо. Манай эцэг эхчүүд боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо”.
“Монгол хүн” Хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.