Та зүрх сэтгэлээ нээн дурласан хүнтэйгээ хуримын өдрөө товлож, хамтын амьдралын тухай ярьж эхлээд байна уу? Тэгвэл аз жаргалтай, урт удаан амьдрал зөвхөн үлгэрийн төгсгөлд л байдгийг санаарай. Гэхдээ та ухаалаг, чин сэтгэлээсээ байж чадвал хайртай нэгэнтэйгээ урт удаан, аз жаргалтай гэрлэлтийг бүтээж чадна гэж “арвин их” туршлагатай хосууд зөвлөжээ.
1. Тэд гэрлэсэн ч “болзодог”.
“Болзоо бол гэрлэлтийг үргэлж шинэ соргог байлгадаг чухал хүчин зүйл юм. Сэтгэл гарган цаг товлож, сайхан дурсамжаа эсвэл ирээдүйгээ зөгнөн ярилц. Гэрлэсэн хосууд үргэлж шинийг турших хэрэгтэй гэдэг ч илүү энгийн, тав тухтай болзоо та хоёрт таалагдах нь гарцаагүй.
2. Зүгээр л хамт амьдрах биш өдөр бүр шинээр дурладаг.
Гэрлээд удсаны дараа бие биедээ шунан дурлах нь багасаж байгаа мэт санагддаг. Энэ хүнтэй яагаад гэрлэсэн, ямар сайхан чанаруудтай эрхэм хүн гэдгийг нь үргэлж санаж өдөр бүр “шинээр дурлаарай”.
3. Байгаа бүхнээ хайрладаг.
Аав нь хүүдээ хэлж гэнэ. “Гэрлэхээсээ өмнө хайртай зүйлээ ав. Гэрлэснийхээ дараа авсан зүйлээ хайрла”. Аз жаргалтай хосууд гэрлэхээсээ өмнө нэгнийхээ сайхан, гайхалтай талуудыг олж харсан байдаг. Харин нэгнээ илүү таньж, “муу” тал нь ч тодорхой болж ирэх үед тэр талыг нь ч мөн хайрлах тэвчээр хэрэгтэй. Гэрлэснийхээ дараа нүдээ хагас ань гэдэг нь энэ аж.
4. Бие биенээсээ сурах зүйлс их байгааг мэддэг.
Өнөөдрийг хүртэл тэд хамтдаа олон зүйлийг туулж ирсэн ч “мэдэхгүй” зүйл их үлдсэнийг мэддэг. Тиймээс ч өдөр бүр нэгнээ илүү сонирхож, асууж, хайрын газрын зургаа бүтээдэг.
5. Нэгнийгээ “шоглодог”.
Эрүүл, аз жаргалтай гэрлэлт аз жаргалтай, хөгжилтэй өдөр хоногуудаас бүтдэг. Амьдралын гэгээлэг талыг олж хардаг нэгэнтэй ханилсан бол та тун азтай юм. Гэхдээ өөрөө ч бас хөгжөөнтэй, сонирхолтой нэгэн байх нь угтан ирэх ирээдүйн замыг илүү амар болгох болно.
6. Сонирхолтой, хачин зүйл хийхээс айдаггүй.
Хосууд хамтдаа шинэ зүйлсийг туршиж, тэр үеийн сэтгэл хөдлөлөө хамт илэрхийлэх нь “хамтын” дурсамжийг бүтээдэг тул илүү ойр дотно аз жаргалтай амьдардаг аж. Та өндрөөс үсэрч үзээгүй бол хайрттайгаа хамтдаа туршиж үзэхэд илүү амархан, хөгжилтэй санагдах болно.
7. Хайртыгаа “бодол уншдаггүй”-г мэднэ.
Хэцүү бэрх үедээ тэд нөхөр/эхнэртээ энэ тухайгаа хэлдэг. Харин “Яагаад гуниглаад байгааг минь асуухгүй юм байх даа?”, “Яагаад намайг ойлгохгүй байна вэ?” зэргээр нөгөө хүнээ бодлоо уншихыг шаарддаггүй. Нэгэндээ уурлаж бухимдсан үедээ тэд “Би яагаад энэ хүнд хайртай вэ?” гэж өөрөөсөө байнга асуудаг.
8. Тэд хамт амьдрахын тулд “хамт сэтгэх” хэрэгтэйг мэднэ.
Тэд хэчнээн том “Эго”-той, амбицтай хүн байлаа ч хайр дурлал, хамтын амьдралын үед хувиа хичээх нь бүхнийг сүйрүүлж орхидог гэдгийг мэднэ.
9. Хэзээ ч нэгнийхээ эсрэг тэмцдэггүй.
Эхнэр нөхөр хоёр гэрлэхээсээ өмнө нэг нэгэн рүүгээ харан зогсдог бол гэрлэснийхээ дараа хамтдаа нэгэн зүгт харах ёстойг мэддэг. Иймээс ч үүрэг, хариуцлагыг хамтдаа үүрч, нэг нь нөгөөгөө нөхөж чаддаг.
10. Өглөө бүр нэгэн ижил байхаас залхдаггүй.
Тэд өглөө бүр сэрэхдээ “Би түүнийг яаж илүү жаргалтай болгох вэ?” гэж өөрөөсөө асуудаг. Олон арван жилийн турш аз жаргалтай байсаар ирсэн хосууд өөрөөсөө илүү нөгөө хүнээ боддогоо илэрхийлсэн байдаг. Та ч бас яагаад болохгүй гэж?
11. Х-Ү-Н-Д-Л-Э-Л
Гал халуун хайр, романтик болзоот өдрүүд гэрлэсний дараахан замхрах нь бий. Харин хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл хэзээд ч хэвээр байх чадалтай гэдгийг тэд мэддэг. Гэрлэхээс өмнө нөгөө хүндээ зориулж өөрийгөө өөрчлөх зоригтой байдаг бол хамтын амьдралын үеэр нөгөө хүнээ “яг л байгаа хэвээр” нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Аз жаргалтай хосууд ч аль хэдийнэ үүнийг мэдсэн байдаг.
12. Нэгэндээ хэрэгтэй байдаг.
Олон жил хамт амьдарсан, амьдрах хүсэлтэй хүмүүс нэг нь нөгөөгүйгээр байж чадахгүй болсон байдаг. Ийм хүмүүс хэзээ ч нэгнээсээ залхах сэтгэл төрдөггүй.
13. Ганцаараа ч хүчтэй байж чаддаг.
Нэгэн хос хамтдаа 60 жил амьдарсан ч нөхөр нь 30 жилд нь цэргийн хүчинд алба хаажээ. Эхнэр нь “Түүнгүйгээр амьдарсан он жилүүдэд би ганцаараа ч хүчтэй, зоригтой байх хэрэгтэй болсон. Гэхдээ л би түүнийг буцаад ирнэ гэдгийг мэдэж байсан болохоор чадсан” гэжээ. Харин нөхөр нь “Би түүнд итгэж байсан. Тэр миний хайртай хүн. Гэхдээ хоёр 50 хувь нийлвэл 100% болно. Харин хоёр 100% нийлвэл 200% болно шүү дээ. Хүн нэгнээ хайрлахаас гадна, “хувь хүн” байх хэрэгтэй. Бид ч чадсан” гэж хэлж байжээ.
14. Ярихаасаа өмнө боддог.
Тэр таныг өөрийнхөөрөө байхад чинь дурласан ч, та түүнтэй хамаагүй харьцаж болно гэсэн үг биш. Та түүнийг хүндэлж л байгаа бол юу хэлвэл гомдох, баярлахыг мэддэг болсон байх болно.
15. “Түүнээс асууж байж шийднэ” гэдэггүй.
Өрхийн тэргүүн учраас нөхөр маань л мэднэ, эхнэр маань надаас хүчтэй гэж тэд боддоггүй. Асуудлыг хамтдаа шийдэх нь зайлшгүй хэрэг ч юм л бол эхнэр/нөхрөөсөө асууж шийднэ гэж бодох хэрэггүй. Та нэгэнт насанд хүрсэн хүн тул зарим асуудлыг нөгөө хүндээ төвөг учруулалгүй “аргалж” чадна гэдгийг аз жаргалтай хосууд мэддэг.
16. Хариуцлага, хариуцлага бас хариуцлага.
Үерхлээс ялгаатай нь хосууд “гэрлэсэн” гэх гэрчилгээ авч, гарын үсэг зуран, төрийн өмнө хайр сэтгэлээ бататган тангарагладаг. Тиймээс энэ бол маш чухал сонголт, дур нь хүрвэл больчихдог зүйл биш гэдгийг тэд мэддэг.
17. Хамгийн гол нь, тэдний хайр дурлал хамгаас хүчтэйг ойлгосон байдаг.
Тэдний амьдралд ямар ч асуудал тохиолдсон хайр дурлалаа хамгаас хүчтэй гэдгийг ухаарч, нэгэндээ үргэлж итгэдэг.
Эх сурвалж: UB.Life