Төв Азийн цөлжилтөөр Монголд дэгдсэн шар шороон түйрэн агаарын урсгалд туугдсаар Японы арлуудад хүрдэг цаг ирнэ гэдгийг эрдэмтэн шинжээчид мэдэж байсан байж болно. Харин хорьдугаар зууны шувтаргаар Монголын хүчитнүүд тэнд очин ирж хэдэн мянганы замналтай сумо ертөнцийг доргионо гэдгийг хэн нэгэн мэдэж байсан гэвэл итгэхэд бэрх.
Хорь гаруй жилийн өмнө нэгэн хижээл насны япон эр Монголыг зорьж ирсэн нь жирийн аянчин жуулчин байсангүй. Энэ бол японы сумо бөхийн Оошима дэвжээний эзэн Оошима сан эрхэм өөрөө байлаа. Тэрээр Монголын 200 гаруй хүүхдийн дундаас зургаан хүүхэд шалгаруулж сумо бөхөд сургахаар авч очсон байдаг.
Дасал биш орчин, дасгал сургуулилтын чанд дэглэмээс халшраад тэдний зарим нь дорхноо шантарч буцаж зугтаасан ч Оошима аяката махран зүтгэж өөрөө хойноос нь очиж ахин дахин ятгасаар буцааж аваачиж тэвчээр заасан гурван бандид Кёкүшюзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан гээд япончууд нэр өгчихсөн байдаг. Эхнийх нь Даваагийн Батбаяр, эндээ бол жирийн л нэг барилдаж ноцолддог хүүхэд байсан байх. Тэр хүү сумо бөхийн дэвжээнд гараад энд л оролдож туршиж байсан хэдэн мэхнээсээ туршаад эхэлсэн нь япончуудын нүдийг бүлтийлгэсэн гэж байгаа. Батбаяр ч урам ороод мэхнийхээ хувилбарыг баяжуулаад туршсан нь амжилт олж япон үзэгчдийн таашаалаар “мэхний их дэлгүүр” гэсэн нэр авсан байдаг.
Сумогийн зургаан зиндааг доороос нь эхлээд дөрөвхөн жилд туулж дээшээ гарч ирснээрээ бүр ч гайхаш төрүүлсэн. Гэтэл арав хорин жил ноцолдоод ч дээшээ гарч ирж чадахгүй тэр л доогуур байршлаараа бөхийн замналаа өндөрлөдөг түүх алийг тэр гэхэв. Кёкүшюзаны гайхашруулал цаашаа үргэлжилж Макучи дэвжээнд дэвшиж барилдсныхаа дараах жилээс их аварга цолтныг өвдөг шороодуулж үүнд олгодог шагналыг ойр ойрхон дөрвөн удаа хүртсэн төдийгүй Сумо бөхийн онцгой гурван шагнал-уран, гарамгай, дайчин барилдааны шагналыг бүгдийг нь дараалан хамсан гээд өвөрмөц амжилтын жагсаалтыг хошуучилсан гавьяатай, үүгээрээ ч анхдагч.
Арай хожуухан очиж Асашёорюү нэр авсан Долгорсүрэнгийн Дагвадоржийн эхлүүлсэн түүх бол жаахан дөвийлгөөд хэлэхэд тухайн цагтаа Хүннү гүрний Атилла хаан өрнийг донсолгож Тэнгэрийн догшин ташуур нэр авч байсантай дүйцэхүйц үйл явдал болсон гээд хэлчихэд ч болохгүй юмгүй. Асашёорюү их аваргыг эхнийхээ түрүүг аваад байхад монголчууд цаашаа нэг их ахихгүй биз дээ гэсэн үг Таканохана их аваргын амнаас унасан гэсэн ам яриа ч дуулдаж л байсан. Хэрэв тэр үнэн бол хойшхи жилүүдийн барилдаанаас тэр эрхмийн урьдчилсан дүгнэлт өөрчлөгдсөн эсэхийг сонсмоор сониуч зан ч хөдөлдөг юм.
Монгол сумочдоос Асашёорюүгийн хойноос Хакухо Мөнхбатын Даваажаргал, Харумафужи Даваанямын Бямбадорж, Какүрюү Маналжавын Ананд гээд нийтдээ дөрвийн дөрвөн их аварга хэдхэн жилийн зайтай төрцгөөсөн. Хэн бүхний гадарлаагүй хосгүй тааврын эзэн бол наран гүрний ариун дэвжээнээ эдүгээ 41 дэх түрүүгээ аваад энэ агуу спортын урт замналын бүх төрлийн дээд амжилтыг хориодхон жилийн дотор цувруулан эвдэж бүхний манлайд жагсч цахиур хагалж гарч ирсэн японы сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал мөнөөс мөн.
Монголын дөрвөн Их аварга нийлээд дал гаруй түрүү, дээр нь Цэвэгням, Ган-Эрдэнэ нар дор бүрнээ нэг түрүү авсан гэхээр зуу гаруй сая хүн амтай том гүрний наяад удаагийн наадмаар гуравхан сая монголчуудын төлөөлөл манлайлж японы эзэн хааны цом гардсан нь нэг бодлын гайхалтай ч нөгөө бодлын сэтгэл зовмоор ч юм шиг. Гэтэл спорт бол спорт! Япон түмэн манай бөхчүүдийн ялалт бүрийг өөрийн ялалт мэт хүлээн авч бидний л адил баясч талархаж дорнын энэ их гүрний хүн ардын соёлын өндөр төвшин, үндэсний дархлааг илэрхийж ирсэн нь үнэн бахдууштай.
Өнөөдөр нас ная хэвийсэн өвгөн бичээч би вээр албан томилолт амьдралын төөргөөр дэлхийн гурван тивийн хорь гаруй орны хилийн дээс алхаж тэртухайгаа сонин хэвлэлийн хуудаснаа хэд гурван тэмдэглэл сэлт бичиж бас ч бие даасан ганц нэг ном товхимол хэвлүүлснийг үзэж харсан хүмүүс байгаа л байх. Одоохондоо айл хөрш Япон орныг зорьж чадаагүй ч олон жил сумотой нөхөрлөснийхөө ачаар үүнд би харамсахгүй байгаа Учир гэвэл сумо хэмээх спорт бол наран гүрнийг тольдох нээлттэй цонх юм. Алба хашиж явах үед алдаг оног, тэтгэвэрт гарснаас хойш хааяа хөдөө гадаа л яваагүй бол сумогийн бүх башёг бараг алгасалгүй үзэж ирсэн гэхэд болно.
Зуслангийн телевиз муу гардаг байсан үед сумо үзэх гэж хот ордог байлаа. Үндэсний бөх давхацсан өдрүүдэд өвлийн байрныхаа тус бүртээ телевизтэй хоёр өрөөний хаалгыг цэлийтэл нээгээд цэнхэр дэлгэцнийхээ нэгийг нь UBS, нөгөөг ТV-9-д тохируулаад дунд нь сууж өгдөг байв. Хоёр барилдаан зэрэг үзэж байгаа нь тэр. Юнивешинд холбогдсноос хойш шилжүүлж үзэх сумаар зохицуулаад амар болсон. Бараг 70-80 аад удаагийн башё үзсэн юмуу даа. Дөнгөж сая болж өндөрлөсөн кюүшюү башёг би японы сумо бөхийн хавьд тохиогоогүй шинэ сэргэлт гэж олзуурхаж байна. Манай хоёр Их аваргын өнжсөн сиймхийгээр түрүүлнэ гэж тооцоо хийсэн Кисеносато аваргын горьдлого эхнээсээ талаар болж цаана нь гурван озэки, сүүлийн үед тодорч гарч ирсэн хэдэн залуу сумочдын хэн нь түрүүлэх бол гэдэгт анхаарал төвлөрсөнд хамаг учир оршино.
Башё дуусахад гуравхан хоног үлдээд байхад залуу бөх Такакэйшёо ганц унаатай хошуучилж араас нь озэки Такаясу хоёр унаатай нэхэж байсан ч хэнтэй ч таарсан түвдэхгүй сийрэгхэн барилдаж байгаа залуу бөхөд давуу тал өгсөн бөх тайлбарлагчдын онош ёсоор болж 22-хон настай тэр залуу хүү анх удаагаа эзэн хааны цомыг гардсанаар японы сумо сонирхогчдын магнайг тэнийлгэсэн төдийгүй энд суугаа биднийг баясгав. Өмнө нь түрүүлж шуугиан тарьж байсан залуу сэкивакэ Митакүэми дээрх хоёр бөхийг хоёуланг өвдөг шороодуулсан, Оомоошёо, Дайяашёо, Аби, Асанояма, Мэйси гээд саяхан дээшээ гарч ирсэн олон запуу бөх араас нь ширүүхэн нэхэж Японы сумо бөхийн шинэ давалгаа түрэн орж ирж байгааг харууллаа. Энэ бол сайн хэрэг, тэдний амжилт бол бидний амжилт, япон залуус сайжирснаар манай хүүхдүүд улам чангарна.
Ирээдүйд сумо бөх олимлын төрөлд багтахад япон, монголын сумочид эхний алт мөнгийг хамах нь бараг баталгаатай. Оошима саны Монголыг зорьсон нь тэрхэн үедээ дэвжээнийхээ нэр хүндийг өргөх, сумод шинэ цус сэлбэх ойрын зорилготой байсан ч дэлхийн өчнөөн олон улс үндэстэн дотроос хэдий цөөхүүлээ ч эртний эрэлхэг дайчин уламжлалтай Монгол орныг сонгосон нь яалтчгүй цаанаа учиртай Энэ бол японы сумо бөхийг алстаа дэлхийн улс орнуудад нутагшуулж цаашдаа өөрийн үндэсний жудо бөхийн жишгээр сумо барилдааныг олимпын төрөлд багтаах бэрс гаргах хүүгийн нүүдэл байсан гэхэд нэг их алдаа болохгүй болов уу. Үнэндээ ч тэр хүний сонгосон монгол хүүхдүүд дорхноо цахиур хагалж эхэлснээр дэлхийн бусад олон орны залуус сумогийн дэвжээ рүү хошуурсан нь нууц биш. Сонголтоо буруу хийсэн бол гадны бөхчүүд тэгэж зэрэг зэрэг олноороо сумогийн дэвжээ рүү зүтгэх байсан эсэх эргэлзээтэй.
Япон хүний торгон ухаан, алсын харааг бишрэх л үлдэж байна. Манай хүүхдүүд хэдийгээр хожуухан дөрөө харшсан ч орой гараад ширүүхэн дарах нөхцөл бүрдүүлэхийн тулд Монгол Улсын гавьяат тамирчин, манай сумогийн анхны алтан хараацай Даваагийн Батбаярын тэргүүлсэн Монголын Сумо бөхийн Холбоо өнгөрсөн 25 жилд бүх боломжоо ашигласан гэж хэлж болно. Гавьяат маань ч ид барилддаг насан дээрээ хар эрт зодог тайлж наашаа зүтгэсэн нь тэнд хүчин мөхөсдсөн гэхээсээ энэ зорилгын төлөөнөө яарсан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч японы сумо бөхийн нэрт зүтгэлтэн Оошима сан, манай сумогийн анхдагчийн нэг Кёкүшюзан Батбаяр хоёр эрхмийг Монголын сумогийн загалмайлсан эцэг гэж нэрлэх нь зүйд нийцэх Сумод амьдралаа зориулж яваагаа би хувь тавилан гэж боддог гавьяат маань нэгэнтээ хэлсэн байдаг. Түүндээ хүрэхийн тулд ч чармайсаар их зүйлийг хийж амжууллаа. 2003 оноос аймаг бүрт салбар зөвлөлөө байгуулж орон л нутаг сумогийн спортыг хөгжүүлэх зорилго тавин сумогийн дэвжээтэй болсон. Ингэснээр сонирхогчдын сумо эрч хүчээ авч 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл есөн сумоч дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан.
2016 онд манай улс анх удаагаа сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга сэлгаруупах тэмцээнийг эх орондоо хүлээн авснаар Буянт-Ухаа спортын цогцолборт хоёр өдрийн турш 5000 гаруй үзэгч цуглуулж чадсанаараа дэлхийн сумо бөхийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон төдийгүй эх орноо сурталчлахын хувьд АСЕМ-аас ч дутсан нь юу л бол. Сумог олимпод сойхын оронд үндэсний бөхөө зүтгүүлбэл дээргүй юү гэх бодол хэн хүнд төрөхийг үгүйсгэхгүй.
Манай үндэсний бөхийн дархан аварга, төрийн түшээ Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ эрхэм нэг удаа телевизээр ярихдаа яг энэ сэдвийг хөндөж дурссан нь үүнд хариу болох болов уу. Өөрөө ч цагтаа сонирхогчдын сумод шуугиан тарьж Мусашимару гээд Хавайн арлын аварга том бөхийг түүний дэргэд хамаагүй жижигхэн харагдах манай аварга урамтай сайхан түрж гаргаж байсныг одоо ч хүмүүс санаж байгаа байх.
Японы сумо бол эртнээс нааш уламжлал болон царцаж тогтсон хөдөлшгүй маш нарийн тоггоц дэг журамтай учраас олимпын төрөлд багтахад ямар ч асуудалгүй бэлэн бүтэц гэж аварга маань тайлбарлаж байсан Үнэхээр ч энэ тухайд үндэсний бөхөө японы сумотой харьцуулахад их зай байгаа нь ажиглагддаг л даа. Бүтэц их сонин. Сумочин бүхэн доороос эхлээд зургаан зиндаа дамждагийг дээр дурьдсан.
Доод дөрөвт сайн барилдсан бөхчүүд шат дамжин зиндаа өгсч дээшээ очдог бол дээрээс амжилт буурсан нь мөн шат дамжин доошилж нөгөөдүүлийн байрыг очиж эзэлдэг гээд сумо бөхийн нийт бүрэлдүүн бүхэлдээ нэгэн том харилцах сав мэт байр суурь сэлгэх бүтэцтэй байгаа нь ай сав дотроо эргэж хөрвөж оршдог хорвоогийн амьд орчлыг хадгалсан шинж илэрхий. Япон хүмүүс бие биенээ харилцан хүндэтгэж мэхийн ёсолж эртнээс хэвшсэн эрхэм сайхан ёс заншилтай, тэр дундаа сумо бөхийн хувьд онцгой нарийн дэг журам сахиж ирсэн нь энэ төрлийн спортын нэр хүндийг өргөж өнөөдөртэй золгуулсан гэж хэлж болно. Нас чацуу хоёр сумоч байхад хэн түрүүлж сумод хөл тавьснаа ахалж хүндэтгэх жишээтэй. Хүч сорьж улайран тулалдаж байгаа хоёр бөхийн ялалт ялагдлын хувь заяаг шийдэж суугаа шүүгчдийн хараа хяналтыг харж суухад ч урамтай.
Дөрвөн ханатай гэрийн буйрнаас томгүй жижигхэн талбайд өрнөж байгаа үйл явдлыг дэвжээний шүүгчээс гадна дөрвийн дөрвөн хашир шүүгч дөрвөн талаас нь нүд салгалгүй ширтэж хянаж суугаа харагддаг. Биднийхээр бол хайнцлаадаа гээд дахиулчихмаар барилдааныг хоёр бөхийн хэн нэгний хөлийн өсгий юмуу өлмий ялимгүй гадагш гишгэснийг шүүгчид гярхай олж харж барилдааны хувь заяаг үнэн зөв тогтоож байгаа нь бахархалтай бус уу. Сумо бөхийн нэр хүнд өдрөөс өдөрт өсч ирсний нэг шалтгаан энэ байх.
Манай үндэсний бөхийн шүүлтийг үүнтэй харьцуулшгүй байгаа биз дээ. Цаад жилийн улсын наадмын тавын даваанд залуу аварга Ч. Санжаадамба аймгийн арслан Ганжадыг амлаж барилдаад яалаа даа. Нүдэн баримжаагаар ч теле дэлгэцээр ч Ганжадын тохой түрүүлж газардсан нь хараа үзээний илт байхад түүнд даваа өгч залуу аваргын бүтэн жилийн хөдөлмөрийг үрэн таран хийснийг бөхийн хорхойтнууд мартаагүй л байгаа. Хөлийн цэцийнхний нутгархаг үзэлд эгдүүцсэн наадамчин олон сэтгэл гонсгор буцацгаасан даа. Ийм шүүгчтэй байхад үндэсний бөхийн нэр хүнд сэргэж дээшлэнэ гэдэг юу л бол.
Үндэсний бөхөө муулах гэсэндээ үүнийг би хэлсэнгүй, энэхэн үед эзэнгүй, нэр сүрээр доголдосхийж байгаа бөхөө дээш татахад санаа авах бэлэн туршилга хажууд маань байна гэсэндээ л цөөн үг хавчуулсныг ухаант түмэн ойлгох биз ээ. Эл бяцхан нийтлэлээр миний хэлэх гэсэн санаа бол манай тамирчид олимпын анхны алтан медалийг японы жудо барилдаанаар хүртсэн нь үнэн, тэгвэл ирээдүйд сумо бөх олимпын төрөлд багтсан цагт сумо бөх бас л бидэнд алт мөнгөн шагнал атгуулах цаг хол биш гэсэн найдвараа илэрхийлэхийг зорьсон минь энэ. Хаа хаанаа сумо бөхийн нэр хүнд хэр түргэн өсч дээшлэх хэмжээгээр энэ цаг улам наашилна.
СГЗ, сэтгүүлч Лувсандоогийн ГҮНСЭН
2 comments
Гол нЬ эдгээр аваргуудын маанЬ дийлэнх нь хоолонд хүргэсэн дэвжээгээ доромжлоод хөөгдөж ирсэн нь гутамшигтай.
TIISHD. TSATGALDAAD IREHLEER TARHI ZOGSDOG GARUUD.