Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэглээ манай хэрэглээний 20 хувьтай тэнцдэг гэдэг. Харин Оюутолгой 110 мегаваттын цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас 170 сая ам.доллароор худалдан авдаг юм. Өнөөдөр (2018.12.26) Засгийн газар Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг гаргажээ.
Тавантолгойд цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж, М.Алтанхуягийн Засгийн газрын үед төслийн ажлыг М.Энхсайхан удирдаж байсан юм. Засгийн газар Рио-Тинтой компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцээ хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мегаваттын цахилгаан станцыг 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулна гэж одоогоор тооцож байна. Цахилгаан станц баригдснаар гадагшаа гарч буй 200 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.