Жилд уушгины хорт хавдрын 400 шинэ тохиолдол бүртгэгддэг. Монголчууд хамгийн их өвдөж буй хорт хавдрын гуравт уг өвчин бичигдэж цаашдаа нэмэгдэх хандлага байгаа юм байна. Өвчний үндсэн шалтгаан тамхи, архаг өвчин бөгөөд Улаанбатарын утаа ирээдүйд уушгины хавдрын гол шалтгаан болох нь өнөөдөр нотлогдоогүй ч ойлгомжтой асуудал гэж ХСҮТ -ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Чинзориг ярилаа.
-Ямар хүчин зүйл нөлөөлөөд Монголчууд уушигны хорт хавдраар өвдөх нь их байна вэ?
-Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдруудын гуравдугаарт уушигны хорт хавдрын өвчлөл орж байна. Жил бүр 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тоо нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байна. Уушигны хорт хавдрыг үүсгэдэг үндсэн шалтгаан бол нэдүгээрт тамхидалт. Уушгины хорт хавраар өвчилсөн 100 хүн тутмын 90 нь тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон Дараагийн шалтгаан бол агаарын бохирдол. Сүүлийн арван жил Улаанбаатарын, тэр тусмаа хотын гэр хороололд амьдарч буй иргэд хүйтний улиралд агаараар биш утаагаар амьсгалж байгаа. Энэ нь уушгины хавдраар өвдөх үндсэн шалтгааны нэг яах аргагүй болж байна. Гуравдугаар шалтгаан бол архаг үрэвсэлт өвчнүүдэд суурилаад уушгины хорт хавдар үүсдэг. Тодруулбал уушгины үрэвсэлт өвчинг бүрэн эдгээхгүй явснаас хавдар болно. Дараагийн шалтгаан бол мэргэжлийн бүлэг хүмүүсийг хамарна. Жишээлбэл уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа болон замын цагдаа, химийн үйлдвэрт ажилладаг хүмүүс энэ төрийн хорт хавдраар түлхүү өвддөг.
-Тэгвэл Монгол улс уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл өндөртэй орон гэж ойлгож болох уу? Учир нь тамхидалт ихтэй, 1,3 сая хүн нь өвөлдөө утаан дунд амьдарч байна. Мөн уул уурхай ихтэй?
-Дэлхийн өндөр хөгжилтэй хойд Америк, баруун европ, азийн өндөр хөгжилтэй орнуудын хавдрын тохиолдлыг харахаар манайхаас арай өөр зүй тогтол харагддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрэгтэйчүүдийн хамгийн их өчилдөг хавдар бол уушгины хорт хавдар, давсаг түрүү булчирхайн хорт хавдар. Ийм шалтгаантай нас баралт ч өндөр байдаг. Харин эсрэгээрээ элэгний хорт хавдар маш цөөхөн тохиолддог. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар маш их байдаг. Гэтэл манай улсад элэгний хорт хавдар нэгд, уушгины хорт хавдар гуравд ордог. Баруун европт ходоодны хорт хавдар бага. Ингээд харахад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хамгийн их тохиолддог хорт хавдар манайд бага, манайд их байгаа хорт хавдар эсрэгээрээ өндөр хөгжилтэй орнуудад бага байгаа зүйл анзаарагддаг. Гэхдээ сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад манай улсын хорт хавдрын өвчлөл өндөр хөгжилтэй орнуудын араас зүй тогтлоор нь л явж байна. Уушгины хорт хавдар нь нэмэгдээд, элэгний хорт хавдрын тохиолдол буурна гэсэн хүлээлттэй байна. Ингээд үзэхээр уушгины хорт хавдар ойрын хэдэн жилдээ Монголчуудын хамгийн их өвддөг хавдар болох магадлалтай гэж болохоор байна.
-Уушгины хорт хавдар бусад хавдраас юугаараа өөр вэ?
-Эдгэрэх магадлал өндөр эсвэл эцсийн шатандаа очих нь хурдан ч гэх юмуу ? Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээг би дурдсан. Уушгины хорт хавдрын тохиолдол болон нас баралт өндөр гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эмчилгээний үр дүн бага байна гэсэн үг. Манай улсад ч гэсэн адилхан. Анх илэрч байгаа уушгины хорт хавдруудын 70 орчим хувь нь хожуу буюу гурав, дөрөв дэх шатандаа оношлогдож, дийлэнхи хувь нь тухайн жилдээ нас бардаг. Шалтгаан гэвэл уушиг нь хүний биеийн маш чухал эрхтэн. Ийм эрхтэн үйл ажиллагаа нь доголдвол нас баралтаар дуусдаг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.
Эрхтэн шилжүүлэн суулгах боломж бага байдаг гэдгийг анхаараарай. Нөгөөтэйгүүр хорт хавдар гэдэг өвчний өөрийнх нь онцлог нөлөөлөөд байгаа юм. Тодорхой шатандаа шинж тэмдэггүй бүдэг явдаг. Хортой хавдрын эс мэдэгдэхгүй ургаад л байна. Ганц нэг ханиалгана. Үүнийг хэн ч тоодоггүй. Тамхичин хүн цөөхөн ханиадыг бүр ч тоохгүй. Эцэстээ гол шинж тэмдгүүд илрэх үед эмчийн нарийн үзлэгээр ороход нэгэнт оройтсон байдаг. Эмнэл зүйн шинж тэмдэг маш бүдэг илэрдэг учраас уушигны хорт хавдар хожуу шатандаа илэрч байна. Энэ нь дэлхийд ч тэр Монголд ч тэр эмчилгээний үр дүн сайнгүй гарахад нөлөөлөөд байгаа юм.
-Эмнэл зүйн шинж тэмдэг нь хожуу илэрдэг, өвчлөх явц нь дүлий байдаг өвчин юм байна. Тэгэхээр ямар шинж тэмдэг багаар илрэхэд л хувь хүн анхаарч эхлэх ёстой вэ?
Уушгины хортой хавдрыг эмчлэгдэх боломжтой шатанд илрүүлье гэвэл ямар нэгэн шинж тэмдэг хүлээх шаардлагагүй. Бид юу хийх ёстой вэ гэвэл хувь хүний өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаа байдал нөлөөлөх ёстой. Эмнэлэгийн байгууллагуудын санаачлага, төр олон нийтийн байгууллагын тусламжтайгаар иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Эцэстээ бүх хүчин зүйлс нөлөөлөөд эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох ёстой юм. Тэр нь юу вэ гэвэл тамхи татдаг хүмүүс, агаарын бохирдол утаан дунд зайлшгүй амьдарч байгаа хүмүүс, тодорхой мэргэжлийнхэн, уушигны архаг өвчтэй хүмүүсийг жилд нэг удаа эрт илрүүлэх үзлэгт хамруулах шаардлагатай. Ханиалгах, цустай цэр гарах, чээжээр өвдөх, амьсгаадах, гэнэт амьсгал давчдах, халуурах зэргийг анхаарах ёстой. Ялангуяа тамхи татдаг хүмүүс жилд нэг удаа үзлэгт хамрагдаад явах хэрэгтэй.
-Монгол улсад уушгины хорт хавдрыг эмчилж байгаа юу?
Эмчилгээний сонголт хорт хавдрын үе шатаас шууд хамаарна. Хэрвээ уушгины хорт хавдрыг эрт илрүүлж чадвал Монголдоо бүрэн эмчлэх боломжтой. Дахин хэлэхэд өвчин илэрсэн үе шатаас болно. Нэгэнт хожуу үе шатандаа орсон үед бол Америкточсон ч оройтсон байх болно.Хортой хавдартай гэж оношлогдсон л бол хамгийн нэгдүгээрт авч хаях, хагалгаа хийх л сонголттой тулна. Өвчний эрт үед байх тусам хагалгаа хийх хэмжээ бага эдгэх магадлал өндөр байна. Цаг хугацаа алдаж хүндрэх тусам хавдрын хэмжээ томорч хагалгаагаар авч хаях зүйл нь томорч эдгэрэх магадлал багасна гэсэн үг. Бусад эмчилгээ буюу химийн, туяа шарлагын эмчилгээ бас байна.
Энэ тухайн өвчтөндөө тохирсон үед гайхалтай үр дүнд хүрэх нь бий. Дүгнээд хэлэхэд Монголдоо уушгины хорт хавдрыг эмчлэх эмчилгээ дэлхийн стандартад нийцсэн. Уушгины хорт хавдраар нас болон хүйсийн хувьд ямар хүмүүс өвдөж байна вэ? Насны хувьд гэвэл нас ахих тусам эрсдэлтэй. Судалгаагаар 60- аас дээш насны эрэгтэйчүүд ихэвчлэн уушгины хорт хавдраар өвчилж байна.Энэ нь тамхины хэрэглээ болон ажил мэргэжлийн онцлогтой холбоотой. Агаарын бохирдол уушгины хорт хавдар үүсэх шалтгаан нөхцөл болж байна гэлээ. Тэгвэл УБ болон орон нутагт амьдарч байгаа иргэдийн өвчлөл өөр өөр байна уу? Энэ тал дээр судалгаа бий.
Одоо ч бас судалгаа хийгдэж байна. Өмнөх судалгаанаас харвал уушгины хорт хавдрын өвчлөл зүүн аймгуудад илүү тохиолдоод, УБ –ын хэмжээ улсын дундажтай тохироод, харин баруун аймгийнхны хувьд энэ өвчнөөр өвдөх нь бага гэсэн судалгаа байна. Шалтгаан нь юу гэдгийг эцсийн байдлаар тайлбарлах боломжгүй байна.
-Уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх оношлогоонд хамрагдахын тулд хэзээ, хаана, хэнд хандах ёстой вэ?
Уушгины хорт хавдрыг оношлох арга нь их амархан. Цээжний рентгенд харахад л ихэнх тохиолдлыг илрүүлэх боломжтой. Хандах газар нь анхан шатны эмнэлэгүүд. Сүүлийн үед бага насны хүүхдүүд хорт хавдраар өвдлөө гэж сонсогдох болж. Улаанбатаарт амьдарч өсч торниж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд утаа дайсагнаж байна гэж би бодох юм? Сүүлийн жилүүдэд хавдар залуужиж байна гэх яриа олон нийтийн болон эмч нарын дунд яригдаж байгаа ч судалгаагаар тогтоогдоогүй зүйл. Хүүхдүүд өвдөх нь огцом нэмэгдсэн зүйл байхгүй. Харин мэдээлэл тарах сүлжээ өргөн учир цөөхөн тохиолдлыг олон мэт сенсацлах нь байна. Одоо төрж байгаа болон энэ үед өсч байгаа хүүхдүүдэд харин маш ихээр санаа зовж байна. Юу вэ гэвэл одоогийн хүүхдүүд хэдэн жилийн дараа залуу насандаа уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл дунд байна уу гэвэл тийм. Судалгаагаар тогтоогдоогүй ч энэ таамаг бодит байх магадлал өндөр.
-Уушгины хорт хавдраар өвдөхгүйн тулд яах ёстой вэ?
Мэдээж нэгдүгээрт тамхи татахгүй байх ёстой байх? Ерөөсөө л урьдчилан сэргийлэлт. Нэгдүгээрт битгий тамхи тат, эргэн тойрны хүмүүсээ тамхинаас гаргах оролдлго хий, бусдыг дам тамхидалтаар битгий хордуул. Хоёрдугаарт уушигны архаг хууч өвчтэй хүмүүсийг эмнэлэгийнхэн бүрэн эмчил. Архаг хэлбэрт шилжиж байгаа бол байнга хяналтандаа байлга. Гуравдугаарт тодорхой ажил мэргэжлийн улсуудыг ажиллуулж байгаа хүмүүс нь хөдөлмөр хамгааллын дэглэмийг бариулах. Дараагийн хамгийн том асуудал бол утаа. Утаа үнэндээ гамшигийн түвшинд хүрсэн. Би хэдийгээр тамхи татдаггүй ч гэсэн арван жилийн дараа уушгины хорт хавдраар өвдөхөд гайхах юмгүй. Яагаад гэвэл би утаан дунд л амьдарч байна.
-Уушгины хорт хавдар нь хэр удаан хугацаанд үүсдэг вэ?
Жишээ нь нэг жил тамхи татсан хүн 10 жил тамхи татсан хүнээс арай эрүүл байх боломжтой байх? Энэ маш энгийн. Тамхи удаан хугацаанд их татах тусам тэр хэмжээгээр эрсдэл өндөр, өвчин хүндрэх хугацаа хурдан гэж болно. Нэг жил тамхи татсан хүн, 10 жил тамхи татсан хүн хоёрын уушгины хорт хавдраар өвдөх магадлал 20:100 харьцаатай. Утаатай холбоотой судлаачийн бичсэн нийтлэлээс харвал бохир утаатай орчинд амьдрахад уушигны хорт хавдраар өвдөх эрсдэл 20 жил байна гэсэн байгаа юм. Гэтэл бид утаан дунд амьдраад 10 жил болчихоод байна. Өнөөдөр төрж байгаа хүүхэд 30 жилийн дараа уушигны хорт хавдраар өвдөхөд гайхах юмгүй. Угаасаа энэ өвчинг үүсгэдэг бэлэн шалтгаан дунд бид амьдарч хүүхэд төрж, өсч байна. Үнэхээр аймшигтай.
-Дам тамхидалт хүнийг хэр хордуулдаг вэ?
-Тамхи татаж байгаа хүнтэйгээ ижил хэмжээнд хордож байдаг. Монголчуудын амьдралын хэв маяг энэ эрсдлийн тод жишээ. Монгол гэртээ бүгдээрээ цуглачихаад аав нь хүүхдүүдээ хордуулаад тамхи татаад суудаг.
-Уушгины хорт хавдар гэж яг ямар өвчин бэ?
Энгийнээр тайлбарлая. Бүх эрхтэний эсүүд хуваагдаж байдаг. Жишээ нь үү байна. Арьсны эсийн зохицуулга, хяналт алдагдахад энгийн байсан арьсан дээр биет ургаж гарч ирж байгаа юм. Үүнтэй яг ижилхэн уушигны хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд тухайн хуваагдаж хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж тухайн эрхтэн дээрээ ямар нэгэн зүйл ургаж эхэлж байгаа юм. Энэ нь цаашдаа судас цусаар дамжин бусад эрхтэнээ гэмтээж эхэлдэг. Энэ өвчнөөр өвдөхгүйн тулд хувь хүн хэрхэх ёстойг уриалаач? Сэргийлэхэд их амархан хавдар. Тамхи татах нь уушгины хорт хавдрын гол шалтгаан гэдгийг би хэлсэн. Тамхийг хэн нэгний албадлагаар хэн ч татдаггүй. Ямар сайхан харагддаг, өөр ямар шалтгаантай байлаа ч тамхи битгий тат. Тамхи нь ганц энэ өвнчий шалтгаан болохгүй. Зүрх судас, амны хөндийн өвчинг үүсгэхээс гадна таны гоо сайханг гутааж байна. Мөн эдийн засгаа ч бодоод үз. Тамхи битгий татаачээ гэж л уриалмаар байна.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин