СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагийн өглөө БНСУ-ын 100 орчим иргэнийг тээвэрлэсэн галт тэрэг “Дорасан” буудлаас БНАСАУ-ын “Панмун” буудлыг зорин хөдөлжээ. Эдгээр төлөөлөгч нь БНАСАУ-ын хилийн Кэсон сууринд зохион байгуулах хоёр Солонгосын хил дамнасан төмөр болон авто замыг холбох нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох юм.
“Есөн бүхээг бүхий галт тэрэг нийслэл Сөүл хотын буудлаас орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:30 цагийн орчимд хөдөлсөн” гэж телевизийн “YTN” суваг мэдээлжээ. Төмөр болон авто замыг холбох нээлтийн ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар 10 цагт эхлэх юм.
БНСУ-ын төлөөлөгчид дунд Үндэстнээ нэгтгэх яамны сайд Чо Мён Гён, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Ким Хюн Ми болон эрх баригч Ардчилсан намын дарга И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна. БНАСАУ-ын талаас Тайван замаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон болон Төмөр замын дэд сайд Ким Юн Хёк нар оролцох ажээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон дээд хэмжээний анхны уулзалтаар хоёр улсын хилийг дамнасан төмөр болон авто замыг холбож, шинэчлэх тухай талууд тохиролцсон билээ.
Мөн есдүгээр сард зохион байгуулсан хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018 ондоо багтаан төмөр болон авто замыг холбох нээлтийн арга хэмжээг зохион байгуулах талаар тохиролцсон юм.