Яагаад ч юм үе үе сэтгэлээ тарчлаах юмсан гэж би бодоод байдаг юм. Ингэхдээ мэдээж зовлон зүдгүүр дунд бадамлянхуа шиг дэлгэрэх нь ч хаашаа юм. Гэхдээ л нэг их гэгээн сайхан дурсамж сөхмөөр, тэнүүн уужим сэтгэлтэнтэй тухлан удаан хөөрөлдмөөр, нэг сонссон бол хэдэн өдөртөө сэтгэл тэжээгдэн бахдан яримаар тийм нэг ер бусын түүх сонсож үүнийгээ удаан бясалгаж гашлахыг хүсэх. Даанч энэ ороо бусгаа цаг үед ийм гэгээн гэрэлт гол дүр бидний дунд юутай ховор. Ховор гэсний учир нь хүн бүхний аманд улс төр гэх “угж” хүлхээтэй байх. Ийм “угж”-тай хэн боловч бухимдал, ёс бус үзэл санаа, мунхаглал, талцал, уур хорсол, хилэнц бүхэнд суралцан байдаг нь зүй тогтол юм болов уу.
Ийм сэтгэлийн бухимдлаас ангид, буцалсан ус шиг энэ амьдралаас юуг ч илүүчлэхийг хүсдэггүй тийм нэг тэнүүн бодь сэтгэлтэй ээжийг олж уулзсанаа уншигч тантай танилцуулъя. Түүнтэй ярилцаж, сэтгэлийг нь уудалж суухдаа “Чөлөөлөгдөх, эрх чөлөө ердөө энэ л юм байна” гэсэн хачин хүлцэнгүй бодолд автав. Даруу нь дэндсэн энэ ээжийг С.Нарантуяа гэдэг. Хэр баргийн зовлонд халирдаггүй, жаргалтай цаг мөчид хөөрч дэвэртлээ баярладаггүй, дотроосоо бүхнээ уудалж асгардаггүй түүний араншингийн энэ тогтонги төлөвийг ойр тойрныхон нь “амьдрал таньсан хүн” хэмээн тодорхойлсон.
Амьдралынхаа 39 жилийг нийслэлийн автозамын цэвэрлэгээ арчилгаанд зориулж яваа Б.Нарантуяа гуай өдгөө Чингэлтэй дүүргийн ТҮК-д ажилтай. 57 нас хүрсэн 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өглөө түүний утсанд дуудлага иржээ. Хүн болсноосоо хойш төрсөн өдрийн баяртаа нэг их ач холбогдол өгч байгаагүй болоод ч тэр үү хэн нэгнээс мэндчилгээ хүлээсэнгүй. Гэтэл “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ноос энэ жил анх удаа олгож буй “Алунгоо”-2018 нэрэмжит шагналаа түүнд гардуулна. Баярын цэнгүүнд хүрэлцэн ирээрэй гэх “том” урилга хүлээж авчээ. Б.Нарантуяа гуай газар дээр ганц охинтой.
Түүний охин Дашпэлжээгийн Ононгэрэл өдгөө гурван хүүхэд, ээжийнхээ хамтаар долоон буудалд таван ханатай гэрт түрээсийн хашаанд амьдарч байна. Айлын хашаанд сардаа 40 мянган төгрөгийн төлбөр төлж суудаг аж. Хашаанд эзэн айлыг нь эс тооцвол Б.Нарантуяа эгчийнх шиг түрээсийн төлбөр төлж амьдардаг хоёр ч айл байх юм. “Манай хашааны эзэн эмэгтэй их сайн хүн. Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бий. Гандангийн хашаанд будаа зардаг. Нэлээд хэдэн жилийн өмнө тагтаа хооллох гээд будаа худалдаж авч танилцсан юм.
Тэр цагаас л бид энэ эгчийн хашаанд түрээс төлж сууж байгаа. Өө тэгээд, далан давхрын оршуулга “дэрлэж” амьдарснаас энд их амгалан тайван шүү хэмээн ярих Д.Ононгэрэл ээжээсээ тэс өөр аальтай бүсгүй аж. Илэн далангүй, яриасаг. Байсхийгээд л “Ээж минь бол…” гээд л яриагаа эхлэх юм. “Ээж минь биднийг болон энэ амьдралаа юугаар ч дутаагаагүй. Үүрийн дөрвөн цагт босдог. Ингээд л хувцаслаж аваад ажилдаа гардаг. Орой 18 цагийн үед ажил нь дуусдаг. Ээжийгээ харахаар ямар их ачаа үүрч энэ амьдралыг бүтэн болгож босгосон юм бэ, яасан их тэвчээр гаргаж охиноо өдий зэрэгтэй амьдруулсан юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
Ээж минь олон жил өрх толгойлж амьдарлаа. Тийм болохоор ч тэр үү, миний охин ээжийнхээ дэргэд байгаа дээрээ л жаргаад ав. Эмэгтэй хүн хүний гэрт очихоороо сэтгэл амар, нуруу тэнэгэр суудаггүй юм. Ээжийгээ байгаа дээр жарга” гэдэг хэмээн нүдэнд торолзох нулимсаа залгив. Эхийн санаа үрдээ гэж энэ билээ. Б.Нарантуяа гуайн гэрийг гэрэлтүүлж сэтгэлийг дэвтээсэн гурван зээ нь нялхаараа юм. “Миний хүүхдүүд аавгүй өсөж байна даа. Тэглээ гээд одоо яая гэх вэ, хань ижилтэй болъё гээд наашаа гэсэн хүнтэй амьдарч үзсэн боловч нэг л болоогүй. Хүүхдийг минь нүд үзүүрлээд байхаар ямар ч эмэгтэй хүн өөрийн жаргалаа дуусгадаг юм билээ.
Одоо гурван хүүхдээ хүн шиг хүн болгох, ээжийгээ асрах л үүрэг хүлээж байна” гэх Д.Ононгэрэл монголын мянга мянган өрх толгойлсон ээжүүдийн залуу үеийн төлөөлөл. Түүн шиг бага насны хүүхдүүдээ бойжуулж гэрт орж эм, гадаа гарч эр болж буй залуу бүсгүйчүүдийн тоо жил бүр өсөн нэмэгдсээр байгаа нь манай энэ цагийн эмгэнэл яах аргагүй мөн билээ. Түүнтэй ярилцаж суухад ядруухан амьдрал, хугасхан жаргалын дунд эмээгийн хайр, ээжийн халамж дор гурван хүүхэд нүдэндээ гунигийн сүүдэргүй өсөж байгаа нь л хамгийн том баяр байна.
“АЛУНГОО”-ГИЙН ЭЗЭН МАНАЙХ
Өглөөний саарал утаан дунд бөхөлзөн бөвөн, бөвөн тонголзох шар хантаазтангуудыг бидний хэн нь ч тэр бүр тогтож хардаггүй гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй биз. Ногоон хуванцар сав урд, хойноо чирсээр урт модон иштэй, дэрсэн шүүрээ сугавчилсан цан хүүрэг болсон тэдний, бидний сэтгэлд буудаг нийтлэг дүр ийм. Ажлын орчин, нөхцөл ер голдоггүй, дээр төр засаг, доор ард иргэддээ гомдол тунирхал яриад байдаггүй эдгээр хүмүүсийн дундаас Б.Нарантуяа эгчийг олохоор Чингэлтэй дүүргийн ТҮК-ийг зорилоо.
Түүнийг “Алунгоо” шагналаа гардаад удаагүй байхад Монголын эмэгтэйчүүдийн холбоон дээр таарсан ч эгч олны харцнаас бэргэсэн үү, угаас хувийн амьдралаа нээлттэй ярихаас төвөгшөөсөн үү тухтай ярилцах боломж олдоогүй тул түүнийг дахин “эрж, хайсан” минь энэ билээ. Эрсэн хүн олдог гэдэг дээ. Үүрийн таван цагаас эхэлсэн түүний ажил өглөө 09.00 цагийн орчимд дундаа орж цайлдаг аж. Ийнхүү өглөөний цайгаа уучихаад ажлаа хийхээр гарч байх үед нь Б.Нарантуяа эгчийг ахин “барьж” авлаа. Өмнөх уулзалтыг бодвол эгчийн ааш нэлээд зөөлөрчээ. Инээмсэглэн угтаж өөрийнхөө ажлын өрөөг танилцуулав. Хувцасны төмөр шүүгээ, модон ширээ, сандлаас өөр тавилгагүй, нам гүм байв. “Та ажлаа хийхдээ бүү яар. Тайван, болгоомжтой, аль болох найдвартай, бүтээлтэй, зөв ажиллахаа эхлээд бод” гэсэн зөвлөмж бүхий бичиг харуулж энэ бол бидний “дүрэм” гэв.
“Та ажлаа хийхдээ бүү яар. Тайван, болгоомжтой, аль болох найдвартай, бүтээлтэй, зөв ажиллахаа эхлээд бод” гэсэн зөвлөмж бүхий бичиг харуулж энэ бол бидний “дүрэм” гэв. Ийм л “дүрэм”-тэй шар хантаазтангууд нийслэлийн хэмжээнд 2,000 орчим бий. Тэднийхээ дунд ТҮК-д тогтвор суурьшилтай, олон жил ажилласан цөөн хүн байдгийн нэг нь Б.Нарантуяа гуай гэлээ. Биднийг ийнхүү Чингэлтэй дүүргийн ТҮК-иар ороод гарах зуур тус ТҮК-ийн Зам талбайн мастер, ногоон байгууламжийн инженер Ц.Энхболд “Манайх 60-аад ажилчинтай. Бид энэ ТҮК-ийн ууган ажилчид. Манай Б.Нарантуяа өөрийн хийх ёстой ажлаа үнэнч, сэтгэл гаргаж хийдэг. Зөвхөн өөрт ногдсон 3,000-5,000 метр газрыг цэвэрлээд болчихдоггүй.
Энэ талбайд үйл ажиллагаа явуулдаг ААН, хувь хүнд шаардлага тавина. Тэднийг нийгмийн хариуцлагаа ухамсарлахад нөлөөлдөг. Ажлаа мэддэг болчихсон. Өрх толгойлсон ээж хүн ч гэлээ ажилдаа хариуцлагатай зэрэг сайн тал олонтой. 2017 оны байгууллагын шилдэг ажилчин болж байсан. Манай хамт олон ярилцаад Б.Нарантуяаг “Алунгоо” шагналд тодорхойлсон. Энэ бол нийгмийг манлайлж буй эмэгтэйчүүдэд олгогддог, эмэгтэй хүний хөдөлмөрийг алдаршуулж олон нийтээр үнэлгээжүүлж буй их гоё агуулгатай шагнал юм билээ. Анхны “Алунгоо” манай компаниас төрсөнд бид баяртай байгаа. Цахим орчинд “Шагнал эзнээ оллоо, нүдээ олсон шагналын эзэн байна” гэх зэргээр манай Нараа “од” болж байна. Олон нийт ам сайтай байгаад баярлаж байгаа” гэсээр биднийг үдэж гаргав.
ОХИНТОЙГОО МАНЖУУР ЯВМААР БАЙНА. ДААНЧ…
Б.Нарантуяа эгч “Алунгоо”-2018 шагналын эзэн болж “Хосоороо Манжуур аялах эрх”-ээр шагнуулжээ. Хосоороо явах аялалд та хэнийг авч явах вэ гэвэл, “Охинтойгоо л явмаар байна. Даанч нялх хүүхдүүдээ хэнд орхих вэ. Зээ нарыг минь харах хүнгүй учраас бидэн хоёр тэр талаар нухацтай яриагүй” гэв. Үнэхээр манай өнөөдрийн нийгэмд аялал, амралтад хүслээрээ явах эрх тэр бүр байхгүй. Энэ “зовлон” Нараа эгчид ч тохиолджээ. “Та ер нь энэ амьдралын талаар юу гэж боддог вэ” гэсэн эв хавгүйхэн асуултад минь эгч шоолонгуй инээснээ “Эгч нь тэгтлээ их боддоггүй ээ. Болох л ёстой юм болдог. Хөврөх л ёстой амьдрал хөвөрч байна.
Миний хувьд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат хүн. Залуудаа их бие муутай байсан учраас сургууль, соёлд сурч чадаагүй. Мал ахуй гэж явсаар боловсролоос хоцорсон. Одоо ийм сайхан хамт олонтой яваадаа баярладаг. Энэ ажлыг л би сайн хийх ёстой. Ажлаа сайн, чанартай хийж байж цалингаа авна. Цалинтай айл хоосон хонохгүй болгоод явна гэж боддог. Надад охин минь байна. Гурван хөөрхөн зээ байна. Амьдралд өөр их юм хэрэггүй гэж боддог. Элэг бүтэн байх шиг жаргал байхгүй шүүдээ” гээд дуугүй болов. Б.Нарантуяа эгч Дашпэлжээ гэх сайн ханиа бурханд алджээ. Охиных нь аав, хайртай ээж, эгнэшгүй зүрхний дотно эгчийг нь гээд халуун зүрхийг нь хагацлаар дүүргэсэн энэ хорвоог энэрч, уучлах ганцхан шалтгаан нь охин нь гэсэн юм. Хүн гэдэг үрийнхээ үрд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй их хайртай байх юм. Орой гэртээ хариад зээ нараа харах шиг аз жаргал эмээ нарт байхгүй. Надад ч ийм жаргал байна” гээд дуу орж хөөрөлдөх Б.Нарантуяа эгч миний төсөөлсөн шиг бүрэг, дотогшоо хүн бас ч гэж биш байлаа.
АЖРАХГҮЙ АЖИЛЛАХ АРВАН ЦАГ
Арванхоёрдугаар сарын 25. Гадаа -20 хэмийн хүйтэн заана. Б.Нарантуяа эгч “Тэди” төвийн урд замаас эхлээд Улсын их дэлгүүр хүртэлх хэсгийг цэвэрлэдэг аж. Өндөр ногоон хуванцар саваараа цастай болон баяр ёслолын өдрүүдээр өдөрт хоёр сав хог шүүрддэг гэнэ. Мөн тус хэсэгт байршуулсан хогийн тавыг цэвэрлэж, автомашины зогсоол, ААН-үүдийн үүдийг ч шүүрддэг гэлээ. “Нэг цэвэрлэсэн талбайгаа өдөрт дахин дахин цэвэрлэх хэцүү биз. Шүүрдэж цэвэрлээд эргэхэд л тамхины иш, чүдэнзний мод, чихрийн цаас уначихсан байх юм. Шантарч, бухимдаж, иргэдэд гомддог уу” гэхэд эгч аанай л толгой сэгсрэх нь гайхмаар. Ямар нэг хариулт хүлээж буй миний даарсан царайг гадарласан бололтой “Хүмүүсийн ухамсар, сэтгэлгээг цэвэрлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхгүйгээр хог шүүрддэг хүмүүс их байгаад нэмэргүй.
Хүн бүр хогоо халаас, цүнхэндээ авч явж байгаад хогийн саванд хийчихдэг бол бараг бидний хэрэг ч байхгүй байсан биз. Даанч манай иргэд, хүүхэд, залууст ийм ухамсар бүрэн төлөвшөөгүй байна. Хүмүүсийн үйлдэл зөв болж байж хот цэвэрхэн байна. Гэхдээ нэг үеэ бодвол манай залуус хотын соёлд суралцаж байгаа. 10-20 жилийн өмнө ямар байсан гэж бодно. Амсхийх завгүй цэвэрлээд байхад л хог нь дийлддэггүй байлаа. Тэр үеийг бодвол бид хотжоод байна шүү” гэснээ намайг орхиод автомашин холхих зам руу ороод энд тэндээс нь хурдан хурдан шүүрдэж эхлэв. “Машинд шүргүүлж, мөргүүлэх вий. Хөдөлгөөн намжсаны дараа шүүрдэхгүй юм уу” гэсэн миний анхааруулгыг эгч сонссонгүй бололтой.
Б.Нарантуяа эгч олон жил тоос, шороотой нөхцөлд ажилласнаас тэр үү, нас залуу байхаасаа бие муутай байснаас болсон уу сонсголын бэрхшээлтэй. Чихэнд нь ойртож, нэлээд чанга ярьж байж бид ойлголцож байв. Ойрноос даралтын эм уудаг болсон байна. Мөн гар, хөлийн яс янгинаж, үе мөч нь шархирдаг болжээ. Арга ч үгүй биз. 39 жил гадаа гандаж яваа өдий насны хүнд ажлын нөхцөл болон нас ахиж яваа хүмүүст нийтлэг тохиолддог зовуурь илрэх нь гарцаагүй. Өдрийн 4-5 цагт л унтаж амардаг, ажлын хүнд нөхцөлд, ажлын багахан үнэлгээтэй ТҮК-ийнхэнд хамгийн хэрэгтэй хэрэгцээ нь орон сууц байна. “Та ер даарсан шинжгүй байх юм. Гэтэл би нэлээд даарч, гар, хөл бээрч байна. Тун ч амаргүй, хүнд нөхцөлд зам цэвэрлэдэг хүмүүс ажилладаг юм байна” гэхэд эгч мөн л тоосон шинжгүй толгой дохив. “Ер нь хөдөлж байгаа хүн даарах нь бага байдаг юм.
Энгийн өдрүүдэд ч яах вэ, хогоо л шүүрдэнэ. Цас их унасан байгалийн таагүй нөхцөлд цас, мөс цохих жоотуунаас эхлээд тээвэрлэж явах багаж ихэснэ шүү дээ. Ер нь ч тэгээд ажилдаа анхаарлаа хандуулчихаар ажлын цаг дууссаныг ч анзаардаггүй юм шүү. Манай ажлын нөхцөл хүнд. Тийм ч учраас хүн, хортой нөхцөл гэсэн шатлалаар 55 нас хүрээд эгч нь тэтгэвэртээ гарсан. Насаараа ажил хийчихсэн хүн чинь зүгээр гэртээ суугаад байж чаддаггүй учраас ажиллаж байгаа юм. Ер нь 90 нас хүртлээ ажлаа хийнэ гэж боддог” хэмээн намайг гайхшируулав. Түүний ажлыг “шалгасан” миний ажлын цаг дуусахад яльгүй хугацаа үлдэв.
Б.Нарантуяа эгчийн ажлаа эхэлсэн үүрийн 05.00 цагаас тоолбол тэрбээр яг 10 цагийг гадаа өнгөрүүлсэн байв. Хэдий 10 цаг шүүр барьж зам цэвэрлэсэн ч Нараа эгч ажрахгүй будаа тоншин тонголзох тагтаа лугаа харагдана Хөлсөө дуслуулан олсон цалингаараа үрсийнхээ ам руу хийх будаа, гурил махаа авна. Гэрээ дулаахан байлгах нүүрс, модондоо хүргэнэ. Ивий хөөрхий дулаан байр мөрөөдөх монголчууд бидний хүсэл хэзээ нэг биелэх вэ. Хэдийгээр монголчууд ядарсан нэгнээ дэмнэж зутарсан нэгнээ өргөдөг ч төр засаг зам дээр хамаг насаа барж багаа эдгээр хүмүүсийг харж үзэх цаг нэгэнт болжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Зүгээр л нэг жишээ татъя.
Гаалийнхны байр төмөр замчдын байр цагдаа, шүүхийнхний байр офицер, генералуудын байр, төрийн ажилчдын байр гээд харьяалсан газрынхаа ажилчдад орон сууц бариагүй газар бараг байхгүй. Тэнд зарим алба, хэлтсийн дарга нар 1-5 байртай нь ч бий. Авдаг цалин, ажилласан жил, албан тушаалаараа харьцангуй өөр өөр нөхцөлтэйгөөр орон сууцтай болсон олон ч албан тушаалтныг мэднэ. Тэд хамгийн тансаг, эргэн төлөлт бага орон сууцдаа өөрсдөө амьдраад илүү сууцаа бусдад түрээслэх байдлаар амьдардаг жишээ ч бий. Тэгвэл өдрийн 4-5 цагт л унтаж амардаг, ажлын хүнд нөхцөлд, ажлын багахан үнэлгээтэй ТҮК-ийнхэнд хамгийн хэрэгтэй хэрэгцээ нь орон сууц байна. ТҮК-ийнхний дунд орон сууцад амьдардаг хүн бүү хэл өөрийн өмчийн гэр, хашаа, байшинд амьдардаг иргэд багахан хувийг эзэлдэг гэсэн. Тэдний ихэнх нь түрээсийн хашаа, гэрт амь зууж үүр цүүрээр уулын бэл, газрын холоос байгууллагынхаа ажилчдын унаанд багтахаар яаран босож өглөөг угтдаг ижил дүрээр амьдарцгаадаг байх юм.
ОНЦГОЙ ӨДРҮҮДЭД Ч ХОНОЖ АЖИЛЛАДАГ
Өнөөдөр Монголын нийгэмд ажил олдохгүй байна гэж ярьдаг, нас гологдсон учраас ажлын байргүй үлдсэн 38-60 насныхан ТҮК-д ажилладаг. Хамгийн таатай нь эдгээр насныхантай ажиллахад “Хэдэн төгрөгөө аваад, хэн нь архи уугаад явчих бол гэж санаа зовдоггүй. Дандаа ажил, амьдрал нь тогтсон хүмүүс учир хэл ам гаргаад байдаггүй” аж. Мөн хэн дуртай нь гүйж ороод ажиллаад байдаггүй. Хүнд, хэцүү салбар.
Зуны халуун гэж халгахгүй, хөхөө өвлийн хүйтэн гэж шантрахгүй, энэ салбарт ёстой өнөөх жинхэнэ шонхрууд л ажилладаг гэж хэлж болмоор байв. Хог хаягдлын салбарт ажиллаж байгаа хүн бүр хотын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө мартаж аЖилладаг хүмүүс гэдгийг Б.Нарантуяа гэх эгэл даруухан ээжийн ажлын нэг өдрөөс тун ч тод харагдлаа. “Ойрд шинэ жил гээд хүн бүр хөөр баяртай байна. Бидний ажил ихэсдэг үе. Иргэд баярлаж цэнгэж байхад бид он солигдох үед хогоо шүүрдээд, хотоо цэвэрлээд зогсож л байдаг, Бусадтай адилхан баяр тэмдэглэж чаддаггүй, тийм л завгүй хүмүүс. Албан байгууллага, нэг баг хамт олон болсон хойно хөгжилтэй зүйлс ч олон тохиолдоно. Шинэ жилээр шинэ оноо гэр бүлтэйгээ хамт угтаж, чадахгүй ажиллаж таарна. Захирал нь гэр бүлээс нь уучлалт гуйна.
Цагаан сараар ар гэрийнх нь ажил нь амжихгүй, ажилтай яваа нэгнийхээ түлээ түлшийг базаагаад, дарга, цэрэг гэлтгүй ууцыг нь чанаад гүйж л явдаг. Бидний ажилд хөгтэй, хөөртэй зүйлс энэ мэтчилэн зөндөө л тохиолддог” гэв. Мөн цаг агаар битгий муудаасай гэж боддог гэлээ. “Энэ өвөл одоохондоо тун дулаахан байна. Ирэх сараас нэлээд хүйтрэх байх. Цас ороод хоноход л бид санаа зовж эхэлдэг. Хаана халтиргаа гулгаа их үүсээд, хүн амьтан бэртчих бол. Аль нэг машины тоормос барихгүй, гулгаад халтираад явчих вий. Хогоо цэвэрлээд, шүүрдээд зогсож байгаа нэгнийг нь согтуу, хөлчүү жолооч нь шүргээд явчих вий. Бэртээж гэмтээчих вий гээд нойргүй шахам хонодог.
Хог шүүрдэж амьдралаа залгуулж яваа олон өрх айл байна. Энэ хүмүүс бүгд нийслэлийн иргэдийн тав тухтай байдлыг хангаж байгаа юм” хэмээсэн. Үнэхээр ч тийм билээ. Эдгээр хүмүүс үгүйсэн бол хот нийтээрээ хогондоо дарагдсан юун Улаанчулуут, Нарангийн хогийн цэг болох байсан биз. Баяр наадам, цаг агаарын таагүй үеүдэд хонож ажилладаг тэдэнд нийгмийн хүндлэл, нийтийн ухамсар дээшлэх хэв шинж тун ч хэрэгтэй байна. Хот цэмцийлгэдэг “Алунгоо” ээжийг дагаж ажилласан нэг өдрийн дүр зураг ийн буув.
Эх сурвалж:
1 comment
Сэтгүүлч сайхан бичжээ. ТҮК-ийн ажилчдыг орон сууцжуулах тухай асуудал хөндсөнд баярлалаа. Эгэл жирийн хүмүүс амьдралын төлөө яаж ажиллаж амьдарч байгааг залуу үеийнхэн ойлгож ажлыг гололгүй хийж байгаасай гэж бодох юм.өглөөгүүр гэгээн сайхан нийтлэл уншаад сайхан байлаа.