Гарын алганд тогтсон зураас хээгээр таах ухаан бол нүүр царайгаар таах, гавлын хэлбэрээр сэтгэхүйг шинжих ухааны нэг адил хүний сэтгэлзүйн мөн чанар, өнгөрсөн ба ирээдүйг тааж мэдэхийг оролддог ч бие даасан шинжлэх ухаан биш. Бяцхан түүх өгүүлье.
…Тайландын хойд хэсэгт оршдог Чиант-Май хотод алганы хээгээр таагч жинхэнэ мэргэжлийн үзмэрч бий. Тэрбээр буддын нэгэн сүмийн дэргэд сууж хажуудаа “Алганы хээгээр таах ухаан. Таны гарт сайн сайхан хувь тавилан, өнгөрсөн хийгээд ирээдүй тань бичээстэй буй. Үзмэрч ноён Панья” гэж англиар бичсэн бичиг тавьжээ. Үзмэрч ноёнтон өөрийнхөө тухай ийн өгүүлнэ.
“Намайг идэрхэн хөвгүүн байхад гарын алган дээрх амьдралын шугамыг хараад 24 насандаа үхнэ хэмээн тааж билээ. Хулс модоор мөн л ингэж таасан. Манайх тэр үед Хонконгт байсан юм.
“Голио хүртэл бие биеэсээ зан төрхөөрөө ялгаатай, хүмүүс бол бүр ч их ялгаатай…” гэж надад аав маань үргэлж хэлж захидаг байсан. Миний ирээдүйг төсөөлсөн өнөөх төөрөг биелэхгүй гэж гэрийнхэн маань надад итгүүлэхийг хичээдэг байсан ч удалгүй нөмрөх тэрхүү гай зовлонг би өөрөө мэдрэх болсон юм. Үгээр дүрслэхэд хэцүү л дээ. Би тэр төөрөгт бүрэн итгэж байсан юм. Итгэх итгэхдээ бүр хэтэрхий байсны улмаас Хятадын уламжлалт ойлголтоор их нүгэл үйлдэж, гэрлэхгүй гэж хүртэл шийдсэнийг яана аа!
Ингээд би 24 нас хүрлээ. Төөрөгт өгүүлсэн явдал хэзээ ирэх юм бол бүү мэд. Гэвч удалгүй “өнөөх” чинь ирж, Хонконгт гудамжинд явж байгаад автомашины осолд орлоо. Бараг л үхсэн дээ. Гэлээ ч золоор амьд гарсан юм. Ямар нэг далдын хүч намайг өршөөн хэлтрүүлэх шиг санагдсан. Энэ үеэс эхлээд би хүмүүсийн хувь заяаг хэлж өгч байхаар шийдсэн юм. Энэ ажлаа өөрчилмөөр, болимоор санагдах үе гардаг л даа. Гэтэл тэр тоолонд ямар нэг далдын хүч надад “хэрэггүй” гэж хэлээд байдаг. Бүхнийг үзэж таах байдлаар хийнэ. Сэтгэлд нь нөлөөлөх байдлаар эмчлэх арга юм. Гэхдээ олон хүн ярьсныг минь сонсоод л итгэдэг. Би ч гэсэн тэгж итгэсэн хүмүүсийн нэг шүү дээ. Хүний нүүр царай, гадаад төрх байдал юу хэлж буйг үндэслээд би тэдний хувь тавилан, заяа төөргийг хэлдэг. Гарын алган дахь зураасууд бол зүгээр л нэмж хачирлах үүрэгтэй”.
Тайланд үзмэрчийн онцолж хэлсэн нүүр царайгаар таах арга нь хятадуудын дунд өргөн тархсан хүний нүүр царай гарын алганаас илүү их зүйлийг хэлж өгдөг гэсэн санааг бодитой болохыг баталж байгаа юм. Гараар таах нь найдваргүй гэж хятадууд үздэг. Харин европчууд үүнийг нүүр царайгаар таахаас илүү оновчтой гэдэг бөгөөд үүнийг ч нотолдог. Учир нь хүн дотоод санаа бодлоо нууж, нүүр царайгаа чөлөөтэй хувиргаж болдог. Харин гарын алган дахь шинж тэмдгүүдийг санааны зоргоор өөрчилж болдоггүй билээ.
Гараар таахад гарын сарвууны бүтэц, хурууны хэлбэр галбир, алганы гүдгэр хонхор, хамгийн гол нь алганд суусан шулуун болон атираануудад тулгуурлаж дүгнэлтээ гаргадаг байна. Гараар таах аргазүйг баримтлагчид “Хүний уураг тархинд гарыг төлөөлөх эд эсүүд хамгийн элбэг байдаг. Иймээс буцах холбооны улмаас уураг тархины бүхий л үзэгдлүүд гарт тусгагдаж байдаг” хэмээн үздэг. Өдгөө гараар шинжин таах ухаан нь хааяа уйдагчдыг хөгжөөх жигтэй сонин явдал болжээ. Гэсэн ч хүний гарын мэдээлэх үүрэгт анхаарахгүй байж болохгүй. Чухам бодит мэдээллээр баялаг байдаг учир хүний одоо, өнгөрсөн, ирээдүйг тодорхойлогч “шидэт” шинж тэмдгүүдийг эндээс хайсан ч байж болох юм.
Гарыг сайн анхаарч ажвал тухайн хүний эзэмшсэн мэргэжил төдийгүй эрүүл мэндийн талаар ч чамгүй зүйлийг хэлээд өгнө. Эмч нар “бөмбөрцгийн дохиур” хэлбэртэй (үзүүр нь өргөн) хуруу нь зүрх судасны архаг өвчтэйн шинж гэж үздэг. Илрэх хараахан болоогүй байгаа удамшлын өвчинг хуруу болон алганы хээгээр тогтоож өгдөг тусгай шинжлэх ухаан ч бий. Олон мянган жилийн тэртээгээс эхтэй гараар таах ухааныг эртний Хятадад манай эринээс ч өмнө мэдэж байжээ. Эртний уг “урлаг”-ийг энэтхэгүүд ч бас эзэмшсэн байдаг юм. Мөн эртний Герег, Ромын үед үүнийг дэмий хоосон зүйлд тооцсонгүй. Энэ ухаанд математикч Пифагор, эмч Гален, Сулла болон агуу Цезарь хүртэл итгэдэг байсныг тухайн үеийн түүхчид бичиж үлдээсэн нь бий. Аристотелийн шастируудад гарын алганд суусан шулуунуудыг “огт утгагүй зүйл биш” болохыг дурдсан байдаг. Дундад зууны үед гараар таах ухаан олон сургуулийн хичээлд маш тод тусгагдаж байжээ. Европын хэд хэдэн их сургуульд ч эл арга ухааныг зааж байв.
Хүний хувь заяаг шинжихийн тулд юуны өмнө гарыг нь үзэх нь ойлгомжтой. Дараа нь хуруу, хумс болон алганы хээг шинжилнэ. Ингээд гар шинждэг өрнийн аргуудаас та бүхэнд толилуулъя.
Хэлбэр
- Том гартай хүн сайхан сэтгэлтэй төдийгүй ямар ч үед тухайн байдалд зохицож чадна.
- Том, урт, бас хуурай гартай хүн бол хурц ухаантай.
- Жижиг гартай хүн ихэнх тохиолдолд бахархах юмтай, уур уцаартай байдаг.
- Жижиг, туранхай, нойтон гар – уур, цухал, бахархал, бодлогошронгуй байдлыг илэрхийлнэ.
- Жижиг, махлаг, нойтон гар – хөнгөн гавшгай, гэнэн цайлган сэтгэлийн шинжийг илэрхийлдэг.
- Жижиг, нойтовтор, богино хумстай гар – зальтай, харамч, сэжиглэмтгий байдлыг илэрхийлнэ. Бас уур уцаартай байхаас гадна яс хаядаг хүмүүс ийм гартнуудын бүлэгт хамаарна.
Температур
- Үргэлж дулаан, бүлээн байдаг гар эрүүл саруул хэв шинжийг илэрхийлнэ.
- Дулаан, бүлээн гартай бас тэгээд бусадтай гар барихдаа чанга атгадаг хүн сайхан сэтгэлтэйн шинжийг илэрхийлж буй явдал.
- Хуурай, дулаахан гар уур уцаартай, сандарч яарч явдаг хүний шинж төрхийг илэрхийлнэ.
- Үргэлж хүйтэн байдаг гар эзнийнхээ шийдэмгий бус аймхай шинж чанарыг илэрхийлдэг.
- Байнга нойтон, хүйтэн байдаг гар номхон, ноомой, донгио хүний шинжийг илэрхийлнэ.
- Хатуу, ширүүн гар тухайн хүний амьдралын ноён нуруутай шинжийг илэрхийлнэ.
Өнгө
- Гарын арьсны өнгө ялдамхан ягаан бол тухайн хүн зан ааш сайтай, эрүүл чийрэг биетэйн шинж.
- Хэрэв улаан өнгөтэй бол түргэн цочмог зан, гүйлгээ ухаан, сайн сэтгэлтэйн шинж.
- Бүдэг цагаандуу өнгөтэй бол ааш зан нь тогтвортойнх. Мөн хувиа хичээдэг, хүйтэн сэтгэлтэй.
- Шардуу өнгөтэй бол номхон ноомой, идэвхгүй, сул дорой, үлбэгэрийн шинж.
Гарын өнгө нь тухайн хүний арьсны өнгөөс онцгой гойд ялгардаггүй. Харин температур нь гараар хүнийг шинжихэд гол чухал ойлголт болдог гэдгийг мартуузай. Хүний гар үндсэн долоон хэлбэртэй. Үүнд:
1. Жирийн гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Ийм гарын хэлбэр маш ховор тохиолддог. Алга нь өргөн, зузаан, ширүүн. Хуруунуудын хөдөлгөөн болхи, ар тийш гэдийсэн богинохон, эрхий хуруу нь долооврын угт дөнгөж хүрэх төдий байдаг.
б. Хүний ерөнхий шинж чанар: Гарын ийм хэлбэр оюуны чадавхийг төдийлөн их шаарддаггүй. Биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр хийдэг хүмүүст элбэг тохиолдоно. Тэдний оюуны хөгжил тааруу, шүтлэгтэй. Зан байдлын хатуу тогтсон дэглэмгүй шашны дэг жаягийг эрхэмлэдэг.
2. Хүрз хэлбэртэй гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Хүрз хэлбэрийн хуруутай, том, өргөн, зузаан гар юм. Хурууны үзүүр нь сууринаасаа өргөн байдаг.
б. Хүний ерөнхий шинж чанар: Ийм хуруутай хүний эрхий сайн хөгжсөн бол их шийдэмгий байж болох талтай. Хар ухаан их, аливаад бодитой хандана. Хүч шаардахгүй мэргэжилтэй болохыг хүсдэг. Өөгүй, зөөлөн гадарга бүхий хуруутай, тансаг зүйлд дуртай. Үнэнч, хэвийн зантай.
3. Жүжигчний гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Урт хумстай, хуруунуудын үзүүр шовх, үзүүр тийшээгээ нарийссан байдаг.
б. Хүний ерөнхий шинж чанар: Гэхдээ алдарт жүжигчний гар биш. Хэрэв ийм гар нь богино бүдүүн, эрхий хурууны хөгжил сайн бол тухайн хүн сайн сайхан амьдрал, аз жаргал, нэр алдарт тэмүүлдэг. Мөн янз бүрийн санаа, сэдэв, санаачлага гаргах чадвартай, заль мэхтэй, биеийн хүч шаардах ажилд дургүй, өөртөө дүн шинжилгээ хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй, юмыг гүн гүнзгий бодож боловсруулдаггүй, амьдарлыг байгаа чигээр нь хүлээж авна. Бусдыг анх хараад л шууд дүгнэчихдэг зантай. Чөлөөтэй байхыг хүсдэг, амрах дуртай, байр сууц, ажлаа байнга солино. Дорхноо уйддаг, нэг байрандаа удаан байх дургүй. Шинэ танилуудтай болохыг хүсэж, хайр дурлалд өнгөц ханддаг. Тогтворгүй, гэр бүлийн нэгэн хэвийн амьдралд дургүй. Сэтгэл хангалуун байхыг эрмэлздэг.
4. Ажлын гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Энэ бол дунд зэргийн хэмжээтэй гар. Хуруу нь товойж гарсан үетэй, үзүүр нь тэгш өнцөгт хэлбэртэй, алга нь хонхор ихтэй, нэлээн ширүүн. Ийм хэлбэр харьцангуй түгээмэл байдаг. Ажлын гарын хэлбэр нь жүжигчнийхтэй төстэй.
б. Хүний ерөнхий шинж чанар: Зохион байгуулах, зохицуулах авьяастай, эрс шулуун зантай, зоримог, ёс зүй, хууль дүрмийг сайн мэднэ. Хатуу чанга шаардлагатай, ёсорхуу, үлгэр жишээч, хэнийг захирах, хэнд захирагдахаа дэндүү мэднэ. Ухаан, авьяас хоёрыг бүхнээс илүүд үздэг. Боловсролтой, зарчимч хүмүүстэй холбоо тогтоох хүсэлтэй. Үргэлж цэвэр цэмцгэр явж, ганган хувцаслана. Үсээ сайхан янзална. Тогтмол цагт хооллоно. Нэр алдрыг эрхэмд үздэг. Ажлын гартай хүмүүс ихэнхдээ даруухан зантай.
5. Гүн ухааны гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Ийм гарын тохой урт байдгаараа онцлог. Хурууны хоёр үе нь товойж гарсан байдаг. Хумс нь шувтан хэлбэртэй, эрхий хурууны нэг, хоёрдугаар үеийнх нь урт, өргөн адил бол эр зориг, тунгаан бодох чадвар нь тэнцүү байна гэсэн үг.
б. Хүний ерөнхий шинж чанар: Гүн ухааны гартай хүмүүс үнэнийг ямар ч сайхнаас илүүд үздэг бөгөөд чанарыг хэлбэрээр нь тогтоодог. Гарын үеийн товгорууд нь аливааг үнэлэх чадвартайг харуулж буй хэрэг. Хуруунуудын үзүүр шовх байгаа нь яруу найрагт дуртайн шинж. Дээрх хоёр шинж нийлээд гүн ухаанд авьяастайг илчилнэ. Тэд ямар нэг үзэл санаанд амархан итгэдэггүй. Олон талаас нь судлан, үнэнийг олж байж л итгэх бөгөөд бусдыг ойлгох чадвараар гойд сайн.
6.Оюуны гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Энэ гайхамшигтай хэлбэр тун ховор тохиолдоно. Жижигхэн, толигор, нимгэн, тэгш сайхан хуруутай өхөөрдөм булбарай дэндүү хөөрхөн гар юм. Хурууны үеүүд нь шовхдуу хэлбэртэй.
б. Хүний ерөнхий шинж чанар: Ийм хүмүүсийн оюуны хөгжил тун сайн. Харин биеийн хүчний ажилд даанч явахгүй дээ. Амьдрал нь тууштай биш. Бүхий л ажлаа оюуны ачаар гүйцэтгэнэ. Оюуны ажилд үнэнч бас итгэл төгс байдаг. Уяхан, зөөлөн сэтгэлтэй тэднийг хүмүүс даанч ойлгодоггүй. Ах дүүс нь ч мөн адил. Оюуны гартнууд амьдралдаа төөрөлдөж, эцэстээ хүнд байдалд орж дуусах нь олон.
7. Холимог гар
а. Гарын ерөнхий хэлбэр: Ер нь ихэнх хүн ийм гартай байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь нийтлэг гар юм. Холимог гарын хэлбэр нь бусад бүх гарын нийлбэр байх тул түүнийг үнэн зөв тодорхойлоход тун бэрх.
б. Хүний ерөнхий шинж чанар: Холимог гарын хэлбэр нь бусад олон гарын хэлбэрийн нийлбэрийг агуулдагтай нэгэн адил бас хүний олон янзын шинж чанарыг агуулдаг. Тийм ч учраас ийм гартай хүмүүс олон бодол, олон янзын сонирхолтой байдаг төдийгүй олон талын авьяастай байх нь ч бий.
Хуруугаар шинжихүй
Хурууны хэлбэр, бүтэц хүний зан байдал, авьяас сонирхол, эрүүл мэнд, хувь заяа, төөргийг сайн мэдэж болно. Хурууг хүрзэн, өнцөгт, шовх үзүүрт гэж үндсэн гурван хэсэгт хуваана.
Үеүүд нь товгор хуруу
Ийм хуруутай хүмүүс аливаа үзэгдэл, үйл явдалд гүнзгий дүн шинжилгээ хийдэг. Оюуны хүч шаардсан ажилд дуртай. Шинжлэх ухаан, улс төрийн өрнөл хөгжилд их анхаардаг. Уран зохиолд сонирхолтой.
Үеүүд нь товойж гараагүй хуруу
Юмыг анхны сэтгэлгээгээрээ дүгнэдэг тэд аливаад овсгоотой, шийдэмгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тоонд дургүй, урлагийг эрхэмлэдэг. Ийм хуруутай бүсгүйчүүд их хөнгөмсөг, хуурамч зан, их шунал тачаал, богино ухаантай, зугаа цэнгэлд дуртай.
Богино хуруу
Захиргааны ажилд тун авьяастай тэд томоохон компанийн эзэн, албан байгууллагын дарга юмуу эсвэл нэрт жанжнууд болдог.
Урт хуруу
Ийм хуруутай хүмүүст дээрх ажил тохирохгүй. Учир нь тэд их тэвчээр хатуужилтай, халамжтай хүмүүс. Бусадтай дөлгөөн зөөлөн харьцдаг. Богино хуруутай хүмүүсийг бодвол илүү тайван.
Хэт урт болон хэт богино хуруутай том гар
Ийм хүмүүс нэг их айхтар сод авьяас билигтэй байж чаддаггүй. Хэт богино хуруутай том гартай хүний оюун санаа хязгаралагдмал байдаг. Хэт урт хуруутай нь ч бас ялгаагүй. Ялихгүй зүйлд будилж төөрөлдөнө. Алсын хараа бодолгүй, аймхай.
Материалист болон идеалист хуруу
Хэрэв ядам хуруунаас долоовор нь урт байвал материалист, харин эсрэгээрээ бол идеалист. Харин хуруунуудын хумстай хэсэг нь богинохон бөгөөд хотойгоогүй байвал материалист, идеалистын алин болохыг тодорхойлж болохгүй.
- Баруун гарын ядам хуруу зүүн гарын долоовроос богино байвал тэр хүний амьдрал, хувь заяанд их өөрчлөлт гарсныг илтгэнэ. Энэ өөрчлөлт эмгэлэнтэй ч байж болно. Ямар ч л гэсэн тухайн хүний үзэл бодол, хүсэл тэмүүлэл үндсээрээ өөрчлөгдсөний шинж тэмдэг. Хэрэв хоёр гарын хуруунуудын урт богино байрлал өөрчлөгдсөн бол дээрхийн эсрэг дүгнэлт хийнэ.
- Хуруунуудаа чөлөөтэй дэлгэхэд долоовор, дунд хуруу хоёрын хоорондох зай хамгийн их байвал тухайн хүн өөрийн ажилд санаа бодлоо төвлөрүүлж чаддаг гэсэн үг. Энэ бол дороо буурьтай, дотроо суурьтайн шинж.
Хурууны үеүүдээр шинжих нь
Гараар таах шинжлэх ухаанд гарын алга, хурууны хэлбэр, өнгө, температур зэрэг бусад хүчин зүйлээс гадна хурууны үеүүд чухал үүрэгтэй аж. Эрхий хуруунаас бусад нь хоёр үетэй байдаг. Дээрх үеүүд нь хуруу тус бүрийг хэсгүүд болгон хуваадаг. Хэсгүүдийг гадна, дунд, үндсэн гэж гурав ангилна. Хумстай хэсгийг гадна, алганд бэхлэгдсэн хэсгийг үндсэн, тэр хоёрын дундахыг дунд гэнэ. Хүний оюун ухаан гадна хэсэгт, бодол санаа дунд хэсэгт, материаллаг тал нь үндсэн хэсэгт байдаг гэж үздэг. Энэ гурвын чухам аль нь тухайн хүнд давамгай байгааг хэсэг тус бүр дээр гарсан тэмдэгт болон хэсгүүдийн өнгө, урт богино, өргөн нарийн, нимгэн зузаан зэргийг шинжин, хүний хувь заяа, төөргийг тодорхойлно. Үеийг хумстай хэсгээс нь эхлэн 1, 2… гэж дугаарлана.
Нэгдүгээр үе
Илүү тод товойн мэдэгдэж байгаа бол аливааг дэс дараатай, тогтуун сэтгэдгийн шинж. Нэгдүгээр үе ингэж товойж тод гарсан байвал гүн ухааны үе гэнэ. Гүн ухааны үетэй улс захиргааны ажилд авьяастай байдаг.
Хоёрдугаар үе
Илүү товойж гарсан бол тэр хүн аливаад их ёсорхуу, юмыг тооцоолон бодох дуртай байдаг. Дэг журмыг маш их хүндэтгэнэ. Нэгдүгээр үе хоёрдугаархгүйгээр байж болохгүй. Харин хоёрдугаар үе нэгдүгээрхгүйгээр байж болно.
- Нэг ба хоёрдугаар үе нь адилхан товойж гарсан бол тэр хүн бүх зүйлд эмх цэгцтэй ханддаг. Бас тоонд авьяастайн шинж илэрч буй хэрэг.
- Гүн ухааны үе нь хурууны хажуу тийшээ биш дээшээ товойж гарсан бол зохион бүтээх чадвартай гэсэн үг. Мөн зөгнөн бодох авьяас ч бас агуулагдаж байгаа.