УИХ-ын зарим гишүүд Пүрэв гарагт жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр (2018.12.25) Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрох шаардлагыг хүргүүлж, 48 цагийн дотор уг шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаа мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд “Олон нийт, иргэдийн өмнө хариуцлага алдсан үйлдэлдээ УИХ-ын дарга М.Энхболд хариуцлага хүлээх ёстой. Заавал шүүхээр асуудал нь эцэслэн тогтоогдохыг хүлээх ёсгүй юм. Энэ бол ёсзүйн асуудал. Бид хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Энэ бол 1990 оноос хойших маш чухал жагсаалд тооцогдох болно.
Бид хуулиа дээдлэх үүднээс жагсаал цуглаанд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, холбогдох уулзалтуудаа хийж байгаа. Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Монгол төр үүн дээр онцгой анхаарч ажиллах ёстой.” гэсэн юм.
Цуглааныг Пүрэв гарагийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.