“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байхад тухайн үед манай данснаас нэлээд хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Мэдээллийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаасаа буух үедээ гаргаж байсан.” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
АТГ-аас УЕП асан Д.Дорлигжавд холбогдох уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнээс мэдүүлэг авчээ. Харин мэдээллийг түгээсэн хүн болох “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос тайлбар авах гэсэн боловч тэрээр гадаадад гараад явсан байгаа гэнэ. Тийм учраас энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоогоор түр зогсчээ.