Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багт оршин суух эхнэр, нөхөр хоёр энэ сарын 20-нд унтаж байхдаа угаартаж нас баржээ. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад халаагуурыг хананд хэтэрхий ойрхон олон цаг залгаснаар гал гарч улмаар угаартаж нас барсан аж.
Мөн энэ сарын 17-ны өдөр Ховд аймагт “Гэртээ унтаж байхдаа халаагуураас гарах хийнд угаартаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад 47 настай эмэгтэй, 49 настай эрэгтэй нар нь гэртээ угаартаж нас барсан байжээ.
Булган аймгийн Сэлэнгэ сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний өдөр 23 настай иргэн автомашиндаа угаартаж нас барсан зэрэг тохиолдлууд бүртгэгдээд байна.
Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлахыг сануулж байна.
Мөн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчнаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.