Хятад, Монгол, Орос гурван улсын гоо бүсгүй шалгаруулах БНХАУ-ын Манжуурын олон улсын XV уралдаан энэ сарын 23-нд өндөрлөж, Монгол улсын гоо бүсгүй Г.Содгэрэл уралдааны ялагч, тэргүүн миссээр тодорчээ. Г.Содгэрэл Монгол Улсын Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд тэрээр Отгонтэнгэр Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан юм.
Уралдааны дэд байрт Монголын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт Оросын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна. Уралдааны үеэр гурван орны гоо бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон ёслолын хувцастай үзүүлбэрээр өрсөлдсөн аж.
“Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах уралдаан бол гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж Манжуурын холбогдох албаныхан үздэг байна.
Манжуурын мисс Г.Содгэрэл урьд нь олон улсын “Аялал жуулчлалын Miss-2018” уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.