“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40-65 насны иргэдэд хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар үнэ төлбөргүй хийж, эмчилгээний зардлыг төр хариуцахаар болжээ. Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг улсын төсөвт суулгах Засгийн газрын шийдвэр гарсан байна. Ирэх оноос эхэлж 15-39 насны иргэд дээрх эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүлмэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар өнгөрсөн амралтын өдөр (2017.04.15) СХД-ийн 7, 9 дүгээр хорооны иргэдтэй уулзах үеэр мэдээллээ.
Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж, мэдээлэл авсан юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.