Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Замын Цагдаагийн постны урд талд, автозамын зорчих хэсэгт 14 зорчигчтой дунд оврын автобус, приустэй мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас приус загварын автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр (2018.12.24) 15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид очиж, 42 настай эмэгтэй Ж-г эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. “Приус-20” автомашины хаалга нь гацаж, дотор нь иргэн Ж бэртэж, хөдлөх боломжгүй болсон байсан аж.
Иргэн Л-ийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан бол “БСОД” ХХК-ийн эзэмшлийн “Коунти” загварын дунд оврын автобустай зорчигчид Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарынгол сумын чиглэлд явж байжээ.
Иймд жолооч нар аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хурдаа тохируулж, аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна.