Монгол-Туркын хамтарсан “Эмпати” сургуулиудын захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай Монголоос явжээ. Түүнийг Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш гэж тэр мөн хэлжээ.
Өнгөрсөн долдугаар сард Вэйсэл Акчайг хулгайлахыг завдсан гэсэн дуулиан дэгдэж байсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж түүнд хилийн хориг тавиад байсан юм байна. Харин прокурорын байгууллага В.Акчайд хилийн хориг тавьсан хоригийг саяхан цуцалсан аж.
Харин гэр бүлийнхэн нь түүнээс ч өмнө явсан гэнэ. Мөн хагас сарын өмнө Эмпати сургуулийн 6-7 багш Монгол Улсаас гарсан байна.
Монгол Улс дахь “Эмпати” сургуулиуд буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн анхны угшил нь “Уфуг” сан гэж байжээ. 2007 онд Уфуг хэмээх гадаадын төрийн бус байгууллагын статустай сан байсан ба улмаар боловсролын байгууллага болж, “Эмпати” сургууль нь хожим Туркийн биш Германы хөрөнгө оруулалттай сургууль болжээ.
Вэйсел Акчай нь манай улсад 2004 оны тавдугаар сард хөдөлмөр эрхлэх визтэй ирж, дараа нь Германд төвтэй Ядигар /уфуг/ санд ажиллаж байгаад энэ сан нь “Эмпати” сургууль болсон нь энэ аж. Ингээд хөрөнгө оруулагч статустай болсон тэрээр манай улсад 14 жил амьдарчээ. Түүнийг Монгол Улсын харьяат болох хүсэлт өгч байсан гэх мэдээллийг албаныхан үгүйсгэж байна.