УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван долоо хоног буюу таван удаа ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшлогдсон. Энэ байдал өнөөдөр ч мөн давтагдаж, хуралдаанд 34 гишүүн ирээд тарлаа.
Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалсан ба тэрээр “Нэр бүхий гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй байгаагаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд хийхээр төлөвлөж байсан үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хойшилж байна. Үүссэн нөхцөл байдалд санаа зовсон Ерөнхийлөгч маань ҮАБЗ-ийн даргын хувьд мэдээлэл хийх гэж байлаа. Гэтэл санаатайгаар ирц бүрдүүлэхгүй энэ асуудлыг хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга хариуцлага УИХ-ын чуулганы танхимаас эхлэх ёстой. Мэдээлэл хийхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгчөөсөө чуулганы танхимд хүрэлцэн ирсэн 36 гишүүнийхээ нэрийн өмнөөс уучлал хүсч байна. Мөн Монголын ард түмнээсээ уучлал хүсч байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг хэлэлцэж цалинг нь хасах хэрэгтэй. Цалинг нь л хасах заалттай юм билээ. Жирийн төрийн албан хаагчид ажлаасаа хэдхэн минут хоцроход л цалингаасаа хасуулдаг. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй гишүүдийн цалинг хасах захирамж гаргахыг хүсье. Ингээд өнөөдрийн чуулганыг өндөрлүүлж байна” гэв.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.
УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.10-т “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы тухай хуулиар хүлээдэг билээ.
1 comment
ЗАМЫН ЦАГДАА ШИНЭЭР ИРЭЭД БАС ЦАЛИН АВДАГ ЮМУУ ГЭЖ АСУУСАН ГЭДЭГ АРД ТҮМНИЙ ОНИГОО!!!!!!!!!