-Испанийн 1960-аад оны бэби-бум өнөөдөр “death boom” болон солигджээ-
2018 оны эхний хагас жилд Испанид сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр шинээр төрсөн хүүхдийн тоо бага гарчээ. Бэби-бумын үе ийнхүү өнгөрсөн үе болон хоцорч, өдгөө энэ үе эргэн ирэх магадлал багассан байна. Харин үүний оронд нас баралт буюу “death boom” эрс нэмэгдсэн талаар АВС сонинд нийтэлжээ.
Испани улс хүүхэдгүй болох гэж байна. Жил ирэх тусам 1960-аад оны бэби-бум давтагдах магадлал улам багассаар байгаа аж. 2018 оны эхний хагас жилд 180 мянга орчим хүүхэд шинээр мэндэлсэн нь 1941 оноос хойш буюу албан ёсны статистик гаргаж эхэлсэн үеэс хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. 2017 оны мөн үетэй харьцуулбал шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 5,8 хувиар буурсан байна. Үүн дээр төрөх насны испани эмэгтэйчүүдийн хүүхдийн тоо 7 хувиар буурчээ.
Эхчүүд дунджаар 32 насандаа төрж байна гэж Үндэсний статискийн хүрээлэнгээс мэдээлжээ. Үүний зэрэгцээ судлаачид төрөлтийн тоог багассан үзэгдлийг 1941 онтой харьцуулах нь утгагүй гэжээ.
“Ер нь Исданид XVIII зуунаас хойш ийм бага төрөлт болж байсан түүх үгүй байх” хэмээн Хүн амын сэргэлтийн сангийн захирал Алехандро Макаррон мэдэгджээ. Макарроны хэлж буйгаар тус улсын “бэби-бум” “death boom”-ээр солигдож байгаа нь улс төрийн намуудын хөндөж чадахгүй байгаа “хэцүү үнэн” болсон гэнэ.
Тус улсад оны эхний хагас жилд нас баралтын тоо 2,1 хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа жилийн хамгийн хүйтэн үе буюу нэгдүгээр сард нас баралт эрс өссөн байна. 2018 оны эхний хагас жилд нас барсан хүмүүсийн тоо 226 мянга гаруйд хүрсэн нь шинээр мэндэлсэн хүүхдийн тооноос 46 мянгаар илүү байна гэсэн үг юм. Энэхүү таагүй үзэгдэл Испанид дөрвөн жил дараалан үргэлжилж байгаа гэж АВС-д тэмдэглэжээ.
Эх сурвалж: АВС