Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар, Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Нислэгийн үйл ажиллагааны хяналт” сэдэвт сургалт, дадлага Нисэхийн сургалтын төвд зохион байгуулагдаж байна. Сургалтанд ажиглагчаар ИКАО-ийн COSCAP-NA хөтөлбөрийн Техникийн ахлах зөвлөх Wayne Loe оролцож байгаа бол багш зааварлагчаар ноён Bamber Brendan Francis болон Russel David Robert нар оролцож байгаа юм.
Сургалтанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ажилтнууд хамрагдаж Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ICAO/-аас гаргасан стандарт шаардлагын хүрээнд, нислэгийн үйл ажиллагааны хяналтын нэгжийн бүтэц зохион байгуулалт, байцаагч нарын үүрэг хариуцлага, сургалт дадлага, аудит хийх техник аргачлалыг сурч байна.
Түүнчлэн гадаадын агаарын тээвэрлэгчдэд тавих аюулгүй ажиллагааны хяналт буюу перроны үзлэг шалгалт хийх аргачлалын талаар цогц мэдлэгийг олж авах, агаарын хөлөгт үзлэг шалгалт хийх бодит дадлагыг хийж гүйцэтгэх юм.
Энэхүү сургалтанд хамрагдсанаар нислэгийн үйл ажиллагааны хяналт тавьж буй аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарын ур чадвар дээшлэх, Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагын туршлага судлах, гадаадын агаарын тээвэрлэгчдэд тавих аюулгүй ажиллагааны хяналт (SAFA) буюу перроны үзлэг шалгалт хийх системтэй аргачлал, дадлага эзэмших зэрэг олон талын ач холбогдолтой.
Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР