Сантагийн малгай өмсөж, энгийн хувцасласан энэ эрхэм бол АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама. Тэрбээр өнгөрсөн Лхагва гаригт Вашингтон дахь Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний цогцолборт болсон баярын арга хэмжээнд оролцсон байна.
Энэ үеэр Обама “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс, ялангуяа хүүхдүүдэд анхаарал тавьж халамжилж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хараад тэдний дэргэд байж, гарыг нь атгамаар санагддаг. Энэ бол хамгийн чухал зүйл. Ийм баярын уур амьсгал хичнээн сайхан дурсамж болон үлддэг билээ” гэжээ.
Ерөнхийлөгч асан эмнэлгийн өрөөнүүдээр орж өвчтөнүүдтэй уулзан, эмнэлгийн ажилчдыг гайхшруулсан байна. Обама Лхагва гаригийн үдээс хойш твиттер хуудастаа “Хүүхдийн үндэсний төвийн гайхалтай хүүхдүүд, гэр бүл, ажилтнуудад Зул сарын баярын мэнд хүргэе. Сантагийн туслах хийх боломж олгосонд баярлалаа” хэмээн жиргэжээ.
Тэрбээр нэгэн өвчтөний хүсэлтээр мөрөн дээрээ бэлэгтэй уутаа тохоод, багагүй бүжиглэсэн байна. Түүний хувьд эмнэлэгт зочилж, хүүхдүүдэд бэлэг тараасан нь анхны тохиолдол биш бөгөөд эдүгээ уламжлал болжээ. Обама 2017 онд Вашингтон муж улсын Охид, хөвгүүдийн клубт зочилж, бэлэг тараан, хүүхдүүдтэй ярилцсан байна.
Эх сурвалж: The Time