Өчигдөр (2018.12.19) хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр МАН-ын хэвлэл мэдээллийн алба бүтэн өдөржин сэтгүүлчдийн мэдээлэл дамжуулах эрхэнд халдсан гэж үзсэн УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага эсэргүүцэл илэрхийллээ.
Өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт МАН өчигдөр хуралдсан Бага хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлыг зарласан байв. Гэвч энэ хэвлэлийн хурлын мэдээг аваагүй хэвлэл мэдээллийн байгууллагууд оронд нь иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх эрхийнхээ төлөө нэгдэн өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ.
МАН-ын Бага хурал хаалттай, өндөр хамгаалалттай болсон бөгөөд энэ үеэр тус намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн хэвлэл мэдээллийнхний хөлийг хорьж, -20 хэмийн хүйтэнд бүтэн өдөр намын байрныхаа гаднаа хүлээлгэсэн юм.
Үдээс хойш хурлын тухай мэдээ МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжин хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүрсэн бөгөөд ингэхдээ дандаа нэг талыг барьсан, намын дарга У.Хүрэлсүхийг дэмжсэн мэдээллийг түгээсэн. Эсрэг талын байр суурийг авах саналаа өгсөөр байхад дамжуулаагүй.
Тэгсэн хэрнээ сошиал орчинд өөрсдийн хамааралтай хаягуудаар дамжин хаалттай хурлын мэдээг ил цацаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үл ойшоосон. Ингэснээрээ иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхэнд бүдүүлгээр халдсанд мэдээллийн байгууллагууд дургүйцлээ илэрхийлж байгаа юм.
[fbvideo link=”https://facebook.com/livetv.mn/videos/350858298798460/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]