Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ыг нэн яаралтай тарааж, шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлцгээе. Ард түмнийхээ боломжийг хулгайлсан, ёс зүйн чадамжгүй УИХ-ыг тарааж, яаралтай сонгууль зарлаж, шударга иргэдийг сонгох тэмцлийг эхлүүлье. Тодорхой гурван зорилго руу чиглэсэн асуудлыг тавьж, ард түмнээ нэгдэхийг уриалж байна.
Нэгд, шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт шударга ёсыг сэргээн тогтооё. УИХ-ыг тараахаас эрс шинэчлэл эхэлнэ. Хуулийн салбараас шударга ёсыг эхлүүлнэ. Гэм буруутай нь шүүхээр тогтоосон бол бурууг нь хүлээлгэдэг, шийтгэдэг байя. Хувь хүн засагладаг биш, хууль засагладаг тогтолцоог сэргээе. Намуудыг өмчгүй болгоё.
Хоёрт, байгалийн баялгийг ард нийтийнх болгоё. Лиценз наймаалдгийг зогсоож, Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн байх ажлыг зохион байгуулна. Авлигачин төсөв зохиодог байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгоно. Монголчуудад биш, гадаадынханд ашигтай зээлийг Монгол Улс авдгийг таслан зогсооно. Авлигчдын хууль бусаар олсон мөнгийг хурааж аваад гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулъя.
Гуравт, чинээлэг дундаж давхаргыг дэмжиж, босгоё. Цөөнх нь баяжиж, олонх нь ядуурдаг нийгмийг өөрчилье” гэж уриалаад, тэрээр Шударга бусын хонгилыг нураах “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийг байгуулж байгаагаа мэдэгдлээ. Дээрх гурван зорилгыг дэмжиж байгаа бүх хүнд энэхүү ТББ-ын үүд хаалга нээлттэй, хамтран тэмцэхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг уриаллаа.
Тэрээр мөн “Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлдаг гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж, олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байгааг та бид харж байна. Баяжих, хөлжих донтнуудын дунд Монгол Улс туйлдаж, жирийн иргэд хохирч, эх нутагтаа амьдрах боломж улам бүр хүнд боллоо. Одоо энэ бүхнийг эцэслэж, эвлэлдэн нэгдэж, эр зориг арга ухаанаараа тэмцэх цаг болсон. Монгол хүн бүр шударга ёсыг хүсэмжилж, хариуцлага нэхэж байна.
Авлигын диваажин байгуулж, ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэсэн бамбайгаар далдалдаг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шударга шүүхийн өмнө авчрах цаг болсон. Өнөөдөр гарц шийдэл ярьж байгаа хүн алга. Уг нь эрх баригчид хийе гэвэл аргаа олно. Хийхгүй гэвэл шалтаг олно. Миний хувьд асуудлаа яриад, гарц шийдлээ ярьж, ажил хийж чадах хүмүүсийг нэгтгэж чадна” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар бус, АН-ын гишүүн, улстөрчийн хувиар байр сууриа илэрхийлж байгаа гэдгийг сануулж хэлсэн юм.
Эх сурвалж: Itoim.mn