Нацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно

Дүрвэгч хүүхдүүдэд зориулсан дурсгалын хөшөө 80 жилийн өмнө Нацист Германаас Британи руу дүрвэсэн жүүд голдуу хүүхдүүдээс өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүст Германы засгийн газар нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ. Тухайн үед Герман, Австри, Чехословак, Польш улсуудаас 10,000 орчим хүүхдийг Kindertransport гэж нэрлэгдсэн галт тэргээр Британи руу дүрвүүлж, зөвшөөрсөн гэр бүлүүдэд хуваарилан өгч байв. Тэдний ихэнх нь эцэг эхтэйгээ дахин уулзаагүй юм.

Хүүхдүүдээс үлдсэн 1,000 орчим өндөр настан өнөөдөр Британид амьдарч байгаа бөгөөд Германы засгийн газар тэдэнд тус бүр 2,500 еврогийн тэтгэмжийг нэг удаа олгохоор болжээ. Ийм шийдвэр гаргуулахад АНУ-д төвтэй жүүдийн лобби байгууллага гол үүрэг гүйцэтгэсэн байна. Kindertransport галт тэрэгний эхний ээлж 1938 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Английн Харижд 196 хүүхэд хүргэн ирж байжээ. Тухайн оны арваннэгдүгээр сард Нацистууд жүүд иргэдийн эсрэг томоохон хоморголон устгах ажиллагаа эхлүүлсэн юм.

Тиймээс Британий засгийн газар Нацистуудын эзэлсэн улс орнуудаас 17 хүртэл насны жүүд хүүхдүүдийг хүлээж авахыг зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ хүүхдүүдийн тоонд хязгаар тавиагүй байна. Европ даяар нялх хүүхдүүдээ арай том болсон нэгнээр нь халамжлуулж галт тэргэнд суулган үдэх эмгэнэлт ажиллагаа явагдаж байв. Хүүхэд тээвэрлэх галт тэрэгний цуваа 1939 онд дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр зогсож байжээ. Үүнээс хойш хэдэн сарын турш Нидерландаас хүүхдүүдийг тээвэрлэж байсан ч 1940 онд Нацистууд энэ улсыг эзэлснээр мөн зогссон байна.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Герман улс дэлхийн 83 улсад амьдарч буй 60,000 орчим хэлмэгдэгсдэд нийтдээ $80 тэрбумын нөхөн олговор төлсөн гэдэг. Харин Kindertransport цувааны хүүхдүүдийн зарим нь 1950-аад оны үед бага хэмжээний нөхөн төлбөр хүртэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн