Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг судлаачид ингэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын эргэн тойронд судлаач, ажиглагчдын байр суурийг сонирхлоо.

О.ЖАРГАЛСАЙХАН: АЙЛЧЛАЛЫГ ӨӨДРӨГ ӨНЦГӨӨС ХАРЖ БАЙНА /Япон судлаач/

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилж, хоёр улсын Засгийн тэргүүн хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үр дүнг нь та хэрхэн дүгнэж байна?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалыг би их өөдрөг өнцгөөр харж байна. Япон улс манай “гуравдагч хөрш”-ийн улсууд дотроос хамгийн түрүүнд шахам “Стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосон, манай улсын чухал түнш орнуудын нэг шүү дээ. Тиймээс хоёр орны Ерөнхий сайдуудын дээд хэмжээний уулзалт маш нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дор болж, манай орны хувьд нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг нарийвчлан хөндөж ярилцсан, хамтарсан мэдэгдэл гарсан нь өөрөө ач холбогдолтой юм.

Мөн дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгчээ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын талаарх яриа хэлэлцээ яагаад удаашраад байгаа, концессын гэрээний удаашрал, буудлыг ирэх онд багтаан ашиглалтад ороход манай талаас хийгдэх, хүлээгдэж буй ажлуудыг манай Засгийн газар хүч тавьж найдвартай, тогтвортой бодлогоор хангахад энэ айлчлал нэлээн түлхэц болсон болов уу гэж харж байна.

-Жишээ нь ямар салбарт харилцаа хамтын ажиллагааны ахиц дэвшил гарахаар байна вэ?

-Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нэлээн түлхүү чиглэгдэх нь, өмнө хэрэгжүүлж ирсэн ажлууд цаашдаа ч хүрээгээ тэлэх нь гэж үзэж байна. Жишээлбэл, АШУҮИС-ийн харьяа эмнэлгийн асуудал, АНУ-тай хамтарсан “Хааны эрэлд” сургуулилтад Японы тал идэвхтэй оролцох нь гэх мэт өөдрөг зүйл байна. Япон улсын Засгийн газрын хүчин чармайлтаар хэрэгжиж байгаа “ Чөлөөт, нээлттэй Энэтхэг Номхон далай” бодлогыг манай улс бодлогоор дэмжиж, мөн он удаан жил яригдсаар ирсэн хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар урьдын адил хамтарч, санаачилгатай ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. Японы хэвлэлүүд энэ чиглэл дээр нэлээн ач холбогдол өгч бичсэн байсан.

– Цаашид манай улсад нааштай өөрчлөлтүүд авчрах ямар алхам, шийдлүүд гарах бол?

-Хоёр орны харилцаа дээд түвшиндээ, бичиг цаасны хүрээнд маш амжилттай өрнөж байдаг, харин дэвшигдэж шийдвэр гарсан ажлуудын хэрэгжилт манай талд удаашралтай явж ирсэн асуудлыг нэлээн нухацтай хөндөв үү гэж харж байна. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяараа авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа энэ үед айлчлал болж байгаа нь авлига хээл хахууль, хулгай дээрмийн асуудлаа бараг “шийдчихсэн” улсын хувьд манай Ерөнхий сайдын энэ алхмыг нухацтай ажиглаж харж байна гэж хэлэхэд буруудахгүй байх.

Үнэхээр хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтуудаар шийдэгдсэн бодлого чиглэлүүд манай улсад яг хэрэгжих дээрээ тулахаар удаашраад ирдэг, ойлголтын зөрүү, ажлын арга барилын зөрүү, бодлогын зөрүү, улс төрийн болон яам, тамгын газар дахь боловсон хүчний бодлого чадамж дээрээ алдаа гардаг, Япончуудыг гайхшируулсан зүйлүүд олон гардаг гэж боддог.

-Тэгвэл манай улс, бид юун дээр анхаарах ёстой гэж та үзэж байна?

-Хоёр орны харилцааг хөгжүүлье, санасан сэдсэн зүйлүүдийг цаад талынхаа “тамирыг баралгүй” шийдээд явъя, зүүгдээд явъя гэвэл япон менежмент, япон хүний сэтгэлгээ, албан байгууллага, хувийн хэвшил, компанийн засаглалын япон соёл, ноу хау, бүүр цаашилбал Японы төрийн байгууллагын ажлын арга барил чиг хандлага руу эрчимтэй суралцах судлах хэрэгцээ байна, энэ тал дээр анхаарах цаг болсон гэж үзэж байна.

Ч.КУЛАНДА: ЯПОНЧУУД ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ, МАНАЙХАН БИЕЛҮҮЛДЭГГҮЙ

/Японы Осака хот дахь Монгол Улсын консул асан/ -Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын ач холбогдлыг та юу гэж үзэж байна?

-Миний хувьд Япон улсын Осака хотын консулаар ажиллаж байсан дипломат албаны байр сууриас биш харин Японтой ойр байдаг хүний хувьд таны асуултад өөрийн бодлыг л хэлье. Ер нь бол Монголын бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар өөрийн суудлыг эзэлсний дараа Япон руу явдаг. Нэг ёсондоо жижүүрийн алба, үзүүлдэг нэгэн маяг болсон. Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал өмнөх Засгийн газрын тэргүүний хийж байсан айлчлалын үеэр ярьсан ажлын үргэлжлэл болж харилцаа болоод яриа хэлэлцээнүүдэд тодорхой өөрчлөлт хийгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, дахин давталт маягаар энэ удаагийн айлчлал болж өнгөрлөө гэж харагдаж байна. Япончууд манай улсад болоод монголчуудад маш хүндэтгэлтэй ханддаг. Тэр хүндлэл, ёсоо ч энэ удаа үзүүлж, уламжлалт хүндлэл, ёслолоо ёс алдалгүй үзүүлж байна.

-Таны бодлоор хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Монголын талаас Япон улсад хандаж маш олон хүсэлт, гуйлт тавьж ирсэн. Японы тал манай улстай харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан улс юм. Монголын талаас эдийн засгийн олон санал, хүсэлт хэлдэг. Япончууд нэг ч удаа үгүй гэж хэлж байгаагүй. Мөн тэд нэг л зүйлийг маш олон жил ярьж байгаа. Тэр нь үр дүн муутай байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед жаахан ахицтай явсан, одоо зогссон.

-Тэр нь ямар асуудал вэ?

-Японы талаас Хойд Солонгостой найрамдалт харилцаатай Монгол Улсын дэмжлэгийг авч Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг өгөөч гэсэн хүсэлт байв. Үүнийг сая Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхий сайдыг очиход нь бас л дурдаж байна лээ. Ер нь Японы тал манайхаас энэ л үнэ цэнийг эрхэмлэхийг хүсдэг гэж болно. Мөн үнэ цэнийг эрхэмлэж үзнэ гэдэгт найддаг. Хэвлэл мэдээллийнхэн нь ч гэсэн манай төрийн өндөрлөгүүдийг Япон улсад айлчлал хийгээд очиход тавихыг хүсдэг асуулт, зарчим нь энэ. Зарим нь энэ асуултыг шууд тавьдаг. Харин манайхан асуултаас бултчихдаг. Гэвч Японы талаас санал хүсэлт, горьдол тээсээр л байдаг.

Эх сурвалж: 

 

2 thoughts on “Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг судлаачид ингэж үзэж байна

  1. мийгаа 2018-12-18 16:02 at 16:02

    Манай малнууд тийм юм хийж чадахгүй ээ хулгай хийж худлаа ярьж яаж тусламж авах вэ яаж тусламжаас нь хусах вэ л гэж бодно

    Хариулах
  2. Нэргүй 2018-12-18 19:01 at 19:01

    Энэ женко хүүк 2 гадаадад айлчлахдаа эхнэрүүдээ дагуулж явахад яанаа гон бие гозон толгой царайлаад явахын. Өмнө эрдэнэбат ерөнхий сайдын эхнэрийг гадныхан ямар гоё магтаж хүндэлж бичиж байлаа да. Эхнэрүүд бдг 2 уу бас салцан 2 уу??? Ард түмнээ ч хүндоэхгүй тэргүүн хатагтайгаа ил гаргахгүй яг мафийн толгойлогч шиг ккк

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн