Нэг: Грэйди Стайлс буюу “Хавчин хүү”
Грэйди Стайлс буюу “Хавчин хүү” циркийн гаж үзүүлбэрчдийн нэг байжээ. Түүний хөл, гарын хуруу нь хоорондоо наалдсан байсан тул хавчны сарвуу шиг харагддаг байв. Үүнийг эктродактил гэдэг. Үүнээсээ болоод хүү явж чаддаггүй, тохойгоороо биеэ чирэн мөлхдөг байсан аж. Аав нь ч мөн эктродактилтай байсан бөгөөд Грэди хүүхэд байхдаа аавтайгаа хамт циркийн үзүүлбэрт оролцдог байсан юм.
Грэди хоёр удаа гэрлэж, 4 хүүхэдтэй болсны хоёр нь мөн эктродактилтай төржээ. Тэд өөрсдийгөө “Хавчин гэр бүл” хэмээн нэрийдэж, газар сайгүй аялан, үзүүлбэрээ үзүүлдэг байв. Харамсалтай нь Грэди хувь хүн талаасаа ихэд түрэмгий нэгэн байсан ба архи ууж, гэрийнхнийгээ үг хэлээр дайрч давшилж, зодож нүддэг байжээ.
Түүгээр ч үл барам архидан согтуурч, агсам тавьж байхдаа охиныхоо сүйт залууг хөнөөж орхисон юм. Гэвч түүний тусгай хэрэгцээг хангаж чадах хорих газар байгаагүйн улмаас 15 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Хэсэг хугацаанд Грэди уухаа больсон ч, удалгүй эргэн архинд орсон тул гэрийнхэн нь залхаж, хөнөөхөөр шийджээ. Ингээд 1992 онд Грэдигийн анхны эхнэр хүүгийнхээ хамтаар өөр нэгэн циркчин Крис Виантыг хөлсөлж, нөхрөө хороолгосон бөгөөд өөрсдөө 2-р зэргийн хүн амины хэргээр ял сонсож, шоронд орсон билээ.
Хоёр: Миртл Корбин буюу “Дөрвөн хөлт охин”
Миртл Корбин хоёр аарцаг, гадна дотно хоёр бэлэг эрхтэн, 4 хөлтэй байсан юм. Энэ ховор тохиолдлыг дипигус гэж нэрлэдэг. Тэр эхээс есүүлээ байсан ч, ганцаараа ийм онцгой болж төрсөн ажээ. 13 насандаа охин циркийн жүжигчин болж, чамгүй өндөр цалин авдаг болсон ба 18 насандаа ажлаа орхисон юм.
Жилийн дараа Миртл гэрлэж, жирэмсэн болсон ч, зүүн умай дахь хүүхэд эхийнхээ амь насанд ноцтой аюул учруулсан тул үр хөндүүлэхээс аргагүй болжээ. Гэхдээ энэ харамсалтай явдал түүний хожмын амьдралд саад учруулаагүй юм. Учир нь Миртл 5 эрүүл хүүхэд төрүүлж чадсан билээ. Хүмүүс баруун умайдаа хүүхэд олсон нь зөв болсон гэж үздэг ба Миртл эгэл жирийн, аз жаргалтай амьдрал туулж, 1928 онд бие баржээ.
Гурав: Крисчен Рамос буюу “Лионел арслан”
Хайпертрикос гэж үс их хэмжээгээр ургахыг хэлдэг. Хайпертрикос янз бүр байдаг ч, Крисчен Рамосын хувьд нэлээд хүнд байдлаар тохиожээ. Крисчен 1890-ээд оны үед Польшт төрсөн бөгөөд бүх биеийг нь урт, өтгөн үс бүрхсэн байжээ.
Хэвлийдээ тээж байх үед нь нөхрийгөө нас барахыг нүдээр үзсэнээс болоод хүүхэд нь мангас болоод хувирчихаж гэж ээж нь итгэсний зэрэгцээ хүүхдээ анх хараад сүнс нь зайлах шахсан аж. Ингээд Крисченийг 4 настай байхад Европыг тойрон аялаж явсан эрд зарж орхисон юм. Тэр Америкт ирж “Лионел арслан” нэрээр үзүүлбэр үзүүлдэг байсан бөгөөд хожим нь Европ руу буцаж, Германд нас эцэслэжээ.
Дөрөв: Айзак Спраг буюу “Амьд араг яс”
Айзак Спраг 1841 онд Масачусетс мужид төржээ. Багадаа бусдаас ялгарах юмгүй, жирийн хүүхэд байсан ч, 12 наснаасаа эхлэн огцом турж эхэлсэн байна. Түүний хоолны дуршил хэвийн, ердийн хэмжээгээр иддэг байсан боловч жин нь зогсолтгүй хасагдсаар байжээ.
Эцэг эх нь хүүгээ ихэд халамжилсаар хорвоогийн жамыг даган ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Спраг онцгой байдлаасаа болоод эмзэг турьхан байсан тул ажилд орж чаддаггүй байсан бөгөөд харж хандах хүнгүй болсон тэрээр амь зуухын тулд П.Т.Барнумын циркт орж, аялан тоглолтонд оролцдог болжээ. Дараа нь Барнумын музейд ажилд орж, тэнд эхнэртэйгээ танилцан гэр бүл болж, эрүүл чийрэг, хүчирхэг 3 хүүтэй болсон юм. Харамсалтай нь түүний жин хасагдсаар байсан тул 167 см өндөр эр 19.5 кг жинтэй болтлоо турж, үүнээсээ болоод амьсгал тасалдах, багтраа өвчнөөр 1887 онд нас баржээ.
Тав: Фэнни Миллс буюу “Том хөлт”
Фэнни Миллс Милрөүз өвчтэй байсан юм. Түүний хөлөнд их хэмжээний шингэн бий болж, хуримтлагдсан бөгөөд Милрөүз нь тун ховор тохиолддог өвчний тоонд ордог аж. Миллсийн эцэг эх, ах дүү нар нь эрүүл байсан бол өөрийнх нь тавхай 43.1 см болтлоо томорч, тусгайлж хийлгэсэн гутал өмсдөг байжээ.
Миллс Англиас Америк руу шилжин ирж, циркийн жүжигчин болсон ба хачирхалтай хүмүүсийн музейд ч бас үзүүлэн болдог байсан юм. Үүнийхээ ачаар долоо хоногт л гэхэд 150 доллар олдог байсан ба гэрлэж, хүүхэдтэй болсон ч, хүүхэд нь төрөөд удаагүй байхдаа өөд болжээ. Түүний бие ч өдөр ирэх тусам дордсоор төрсөн нутаг Охайодоо ирээд удаагүй байхдаа 1892 онд нас барсан байна. Миллс ердөө 39 настай байсан ч, хөл дэх шингэнээс нь болоод цусны эргэлтэнд нь ихээхэн саад учирч, 52.1 кг жинтэй шавилхан бие нь энэ хүндрэлийг тэсч чадаагүй ажээ.
Зургаа: Франческо Лентини буюу “Хаан”
Франческо Лентини 3 хөл, 4 тавхай, 16 хөлийн хуруу, 2 эр бэлэг эрхтэнтэй байв. Түүний 3 хөл харилцан адилгүй урттай байснаас алхаж явахад нь ихээхэн хүндрэл учирдаг байжээ.
Гэхдээ илүү эрхтэнтэй бусад хүмүүсээс ялгаатай нь Лентини гурав дахь хөлөө хөдөлгөж чаддаг байсны дээр бүр бөмбөг өшиглөдөг байсан аж. Гурав дахь хөл нь өвдөг хавьдаа тавхайтай байсан бөгөөд Лентини паразит ихэртэй хүн байсан юм. 30 жилийн турш циркийн жүжигчин хийхдээ тэрээр олны дунд соёлч, боловсноороо алдаршиж “Хаан” хочтой болсон билээ.
Долоо: Лазарус болон Жоанес
Тэд хамгийн эртний сиамын ихрүүдийн тоонд ордог Италийн ихрүүд юм. Лазарус ухаалаг, царайлаг, бүгдийг хийж чаддаг байсан бол Жоанес цээжин бие, нэг хөлтэй, байнга нүд нь аниатай, ам нь нээлттэй байдаг байв. Мөн шүлс нь үргэлж гоожиж, гинших дуу авиа гаргадаг байсан аж. Тэр ярьж, хүнтэй харилцаж чаддаггүй, паразит ихэр байсан юм.
Үзүүлбэрийн бус цагаар Лазарус хүмүүсийг айлгаж, анхаарал татахгүйн тулд Жоанесийг бүтээчихдэг байсан ба тэдний яаж өөд болсон нь тодорхойгүй үлджээ. Гэхдээ дотоод эрхтнүүд нь нэг байсан тул аль нэг нь нас барахад нөгөө нь дагаж үхсэн нь баталгаатай юм.
Найм: Элла Харпер буюу “Тэмээн охин”
Элла Харпер 1870 онд Тенниси мужид төржээ. Тэр өвдөг урагшаа нугалардаг ховор тохиолдлын эзэн болсон бөгөөд 4 мөчөөрөө явдаг байсан юм. Харпер энэ онцгой авьяасаараа сонин содон зүйлд дуртай хүмүүсийн нүдийг баясган, долоо хоногт 200 доллар олдог байв.
Тэр гэрлэж, 2 хүүхэд гаргасан ч, хоёулаа 6 сар хүрэхээсээ өмнө өнгөрчээ. Түүнийг бүдүүн гэдэсний хорт хавдраар 1920-иод оны үед нас барсан гэж таамагладаг ч, яг таг баримт олдоогүй билээ.
Ес: Арнольд Хенскис буюу “Хүн жинтүү”
Арнольд Хенскис ердийн ажил хийдэг, жирийн нэгэн эр байжээ. Гэхдээ 30 насандаа анагаах ухааны салбарынхны толгойг гашилгах өвөрмөц чадвараа олж нээсэн байна. Тэр илд сэлэм болон бусад хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгуулсан ч, гэмтдэггүй байсны зэрэгцээ сахлын хутга, хагархай шил зэргийг ажрахгүй залгидаг байсан аж.
Ингээд Арнольд өөртөө “Мирин Дажо” хэмээх тайзны нэр өгч, биеэ сүлбүүлэн, жирийн хүний аминд хүрэх эд зүйлийг залгих үзүүлбэрээ хийдэг болжээ. Гэвч Арнольд нэг л өдөр хэвтэрт орж, дахин босч ирээгүй юм. Түүний үхлийн шалтгаан гол судасны цоорол байсан ба ердөө 36 насандаа өөд болсон билээ. Арнольдыг толгойдоо буудуулах үзүүлбэр хийдэг байсан гэх яриа байдаг нь нотлогдоогүй боловч зүү залгидаг байсан нь харин баталгаатай ажээ.
Арав: Люся Зарат буюу “Шаазан хүүхэлдэй”
Люся тун ховор төрлийн одой байсан юм. Нэг нас хүрэх үед түүний өсөлт зогссон бөгөөд ердөө 50 см өндөр байжээ. Тэр одой гэдгээс бусдаараа эв эрүүл байсан ба гэр бүлийнхэн нь жирийн өндөртэй хүмүүс байсан аж.
Люся бяцхан биеэ ашиглан, циркийнхэнтэй нэгдэж, улс даяар тойрон үзүүлбэр үзүүлдэг болжээ. Гэвч харамсалтай нь циркийн багийнхны галт тэрэг нэгэн аялалынхаа үеэр Невада мужийн хүйтэн ууланд цасанд боогдсоноос болоод Люся биеийн дулаанаа алдаж нас барсан байна. Түүнийг өөд болох үедээ 13 настай байсан гэж үздэг. Шүднийх нь хэвээс харахад тэр 6 нас өнгөрсөн нь баталгаатай ч, үнэхээр 13 нас хүрсэн үгүйг тодорхойлох аргагүй байжээ.
Эх сурвалж: Түүх