Аравдугаар сарын тэн хагасаас анхлан ассан улс төрийн халуун үйл явц арванхоёрдугаар сарын дундаа орсон ч цурманд орсонгүй. Улс төр дэх бужигнааныг эрх баригч МАН манлайлж, намаа 2020 оны УИХ-ын сонгуулийн босгоор бүтэн давуулна гэхэд эргэлзэхээр нөхцөл байдалд аваад ирлээ.
Гэхдээ жил хагасын дараа болох сонгуулийн талаар хөндөх нь өнөөдрийн нөхцөл байдалд хараахан тохирохгүй. Яг одоо бол УИХ-д 65 суудал авсан МАН-ын зодоон анхаарлын төвд байна. Эрх баригч намын бүлгийн тэнцүү хуваагдал Монголын улс төрд урьд өмнө болж байгаагүй муу жишээ, загваруудыг олноор төрүүлэв.
Эхэлсэн шигээ нутагшиж, хэвшил болчихгүй байгаасай гэж хүсмээр муу жишээг даган тогтсон дэг жаягтай, хуулиар хамгаалагдсан төрийн байгууллагуудын эмх цэгц алдагдаж, байр суурь нь ганхахад хүрч байгаа юм. Энэ бол анхаарахгүй орхиж болохгүй сэдэв.
МАН-ын даргын шахалтаар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын захирагч ажлаа хүлээлгэн өглөө. Хотын даргыг нэг улс төрийн намын дарга шахалтанд оруулж, өөрөө өргөдлөө өгөхөд хүргэсэн энэ жишээ төрийн дээр, хуулийн дээр нэг намын дарга гараад суусан байгааг тод харуулж өгсөн болов уу.
Төрийн тогтоосон хууль ёсыг үл ойшоосон үйл явдлуудыг, хууль ёсыг гажуудуулсан улс төрчдийн үйлдлийг 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн УИХ, олон жил УИХ-д сонгогдсон туршлагатай улстөрчид зүгээр л хараад сууж байгаа нь Монгол төрийн эмгэнэл гэж хэлж болох байх.
Эцэг хуулийн дээр эрх баригч намын дарга суужээ
Хууль, хуулиудын эцэг Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг гэж монголчууд ярилцдаг. Бага зэрэг хошин зүйрлэвэл одоо эцэг хуулийн дээр эрх баригч намын дарга сандайлж суугаад, шидэт дохиуртай мэт дураараа авирлаж байна.
Улс төрд үүссэн гажиг одоо УИХ-ын даргыг огцруулна гэсэн хийрхэлээр үргэлжилж буй. Үйл явдал хэрхэн төгсөхийг таамаглахад эрт байна. Парламентын гишүүд УИХ-ын даргаа огцруулна гэцгээж, чуулганы нэгдсэн хуралдаанд ч оролцохоо больжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг хэвийн явуулах нөхцөлгүй болсон гэж үзээд өөрийг нь орцруулахаар гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээ мэдэгдлээ.
УИХ-ын даргыг огцруулах саналд нэгдсэн УИХ-ын гишүүдийн 70 орчим хувь нь ЖДҮ-чин гишүүд. Албан тушаал, эрх мэдлийн нөлөөгөө ашиглаж, хамаарал бүхий компани, аав, ээж, эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамаатан садандаа хөнгөлөлттэй зээл авч өгсөн эдгээр гишүүд ард иргэдийн боломжийг хулгайлсан явдалдаа гэмших ёстой.
Атал тэд харин ч эсрэгээр Монголын парламентын үйл ажиллагааг гацааж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулах ажиллагааны тэргүүн эгнээнд зогсож байгаа юм. УИХ-ын гишүүний ёс зүйн код, ашиг сонирхлын хууль зэргийг зөрчин, хувийн ашгаа бодсон тэд өөрсдийнх нь асуудлыг авч хэлэлцэх УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг хойшлуулсаар байгаа. Тэднээс сонгогчдоосоо ичиж, эмээх бодлын үзүүр ч цухуйж харагдсангүй.
УИХ-ын гишүүд эрүүгийн гэмт хэрэг үйлдэнэ гэв
Пүрэв гарагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд хэвлэлийн хурал хийж, УИХ-ын даргыг өөрөө огцрохгүй бол чирч гаргана гэсэн хачирхалтай мэдэгдлийг хийсэн байгаа. УИХ-ын даргыг цөөхөн тохиолдолд огцруулна. Энэ албан тушаалын бүрэн эрх болон огцрох шалтгаануудыг Үндсэн хууль болон бусад хуульд заасныг цагаан дээр хараар тэмдэглэсэн байгаа.
Гэсэн ч парламентын даргаа огцруулна, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно хэмээн мэдэгдсэн УИХ-ын гишүүд энэ хуулиудыг огт авч хэлэлцсэнгүй. Яригдаж буй 60 тэрбумын асуудлаар сонсгол хийнэ гэж УИХ-ын дарга нь мэдэгдсэн ч эс тоон “огцруулна” гэсэн байр сууриа хатуу баримталж байх шиг. Тиймдээ ч төрийн нэгдүгээр зэргийн хамгаалалтанд байдаг даргынхаа эрх чөлөөнд халдаж, чирч гаргана гэсэн эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай зүйлсийг ичиж, нэрэлхэхгүй ил цагаан яриад авлаа.
Парламентын танхимд олон ургалч үзэл уралдаж, маргаан бишгүй дэгддэг ч гудамжны улс төрийн өнгө бүрэн шингэсэн үйл явдлууд өрнөж байгаагүй. 2003 онд УИХ-д 72 суудал авсан хэт олонхоос бүрдсэн парламентын танхимд Л.Гүндалай лоозон барьж эсэргүүцэл илэрхийлсэн нь гишүүдийн хамгийн дуулиантай эсэргүүцлээр нэрлэгдэж байсан юм.
Өнөөдөр харин Үндсэн хууль, бусад хуулиа нулимаад, Төрийн ордонд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан гэмт хэргийн шинж чанартай зүйл яриад нийгэмд, залуучуудад буруу үлгэр загвар үзүүлж байгаа гишүүдийн дэргэд Л.Гүндалайн эсэргүүцэл хүүхдийн гэнэн хөөрөл шиг харагдаж буй юм.
ҮАБЗ-ийн экс гишүүд “гэрчийн мэдүүлэг” өглөө
Төрийн ордон дахь улс төрийн хийрхэл дээд цэгтээ хүрсэн өнгөрсөн долоо хоног экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд нар телевизүүдэд ярилцлага өгч улс төрийн нөхцөл байдлыг улам дэвэргэв. Шударга бусын хонгилын тухайгаа дахин хөндсөн Н.Алтанхуяг бараг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шударга бус үйл явдлуудын талаар бараг албан бус “гэрчийн мэдүүлэг” өглөө.
Монголын төрд хамгийн өндөр гурван гол албан тушаалыг хашиж, ҮАБЗ-ийг тэргүүлж явсан эрхмүүд цэнхэр дэлгэцийн өмнө суугаад нэг нэгнийхээ хамаг муу муухайг дэлгэсэн нь олонх иргэдэд таатай санагдаагүй болов уу.
Харин эерэг өнцгөөр харъя аа гэвэл, тэдний ярилцлага улс төр гэдэг энэ саванд ямар үйл явдал үнэнд тооцогддог вэ, ямар нь худлаа вэ гэдгийг яаралтай ялгадаг болох. Ард түмний нэрийг барьсан улс төрч болгон үнэн ярьдаггүй шүү гэсэн дохиог нийгэмд авчирсан байх.
Алтан дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболдын хувьд сонирхолтой дүр байлаа. Авлига болгож өгсөн үү, дарамтанд орж өгсөн үү гэдэг нь тодорхой биш. 2014 онд тэр УЕП-оор ажиллаж байсан Д.Дорлигжавын хамааралтай дансанд 4 сая ам.доллар шилжүүлж байснаа зарласан нь улс төр, бизнесийн ертөнцийг холбосон, дарамт, авлигын үнэ ханш Монголд хэдэн оронтой тоонд багтдаг вэ гэдгийг гэрчилсэн явдал болов.
Экс томчууд, бизнесмэний ярилцлагуудыг тохиолдлын хэрэг, тохиолдлоор дэлгэгдсэн баримтууд гэж үзэж болохгүй. Ар араас нь өрсөн улс төрийн нүүдэл, өрөг гэвэл харин үнэнд дүйж очих болов уу. Улс төрд яг одоо амьдарч буй идэвхтэй хэсэг, улс төрийн гадна байгаа нөхдийн үйлдэл, үг хэл, нийгэмд цацаж буй мессеж тус бүрийн ард нэг нэг эрх ашиг нуугдаж буй.
Эдгээрийг багцаар нь харвал яг одоо улс төрд өрнөж буй үйл явдлуудыг хурцатгах, эсрэг, тэсрэг байр суурьтай талуудын аль нэгэнд ашигтайгаар нөлөөлөх оролдлогуудыг үзэж болох байх. Энд л өнөөдрийн бужигнааны өрнөл, төгсгөл нуугдаж байгаа болов уу.
Асуудлыг энэ өнцгөөс харах гээд үзвэл яадаг бол?
УИХ хуралдаж чадахгүй нөхцөл үүссэн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэг зүйлийн тухай онцлон хэлсэн байгаа. Тэр УИХ өөрөө замбараагүй байдалд орчихлоо. Та нар энэ улсыг Украин шиг болгох гээ юу гэсэн. Түүний энэ үг улс төрийн бужигнаан дунд замхарч одсон. Энэ бол онцлон анхааралгүй орхиж боломгүй үг.
1990 оны Ардчилсан хувьсгал. Энэ үйл явцаас хойш Монголын төрд хэвийн биш үйл явдлууд бага багаар хэвшиж ирсэн. Гэхдээ энэ удаагийнх шиг хурцадмал хэлбэрт орж байсангүй.
Системын хямрал гүнзгий нүүрлэсэн гэдгийг өнөөдөр бараг нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч ийм хямралаас бид хэрхэн яаж гарах вэ гэсэн бодлогыг аль ч улс төрийн нам тодорхойлж чадахгүй байна. Харин ч улстөрчид нь хямралд дөрөөлж, эрх мэдэл рүү тэмүүлэх шуналаа хурцалж байна уу гэмээр ааш аяг гаргах нь элбэгшээд буй. Ийм үйлдлүүд нь “зөв юмны төлөө тэмцэж” байгаа гэсэн тодорхойлолттойгоор нийгэмд хүрч байх шиг.
Шилжилтийн гэх 1990 оноос дэлхийн цөөнгүй оронд өнгөт хувьсгалын үзэгдэл хөгжсөн. Гүржийн, Украины хувьсгалууд Венесуэлийн нөхцөл байдал ганхсан зэрэг үйл явдлууд нэг гинжний салаа болохыг дэлхий нийтээрээ ярьж буй. Монголд ч бас ямар нэгэн хувьсгалын талаар ярьдаг хүмүүс бий. Арай ийм ард түмнээ сөхрүүлсэн, нийгмээ эмх замбараагүй болгосон хувьсгалын үнэр ил далд цухалзаад байгаа юм биш биз. Хэрвээ ийм хувьсгалын үнэр байна аа гэж үзвэл санааг тээгчид, элч, төлөөлөгчид нь хэн байж болох вэ?
Энэ сэдэв төдийлөн хөндөгдөөд байдаггүй ч улс төрийн хүрээнд нэлээн гүнзгий яригддаг. 2005 онд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хамтрагч О.Магнайн хамт Гүржийн хувьсгалыг судлахаар явсан байдаг. О.Магнай гадны байгууллагаас өндөр цалин авдаг талаараа өөрөө ярьсан нь ч бий. Хамгийн сүүлийн мэдээгээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар түүнийг христийн шашны пастор байсан тухай мэдээллүүд сошиал ертөнцөд хөндөгдөж байгаа.
Энд нэг талдаа нэр холбогдсон гишүүд өөрсдөө тайлбараа өгөх болов уу. Нөгөө талаар одоо өрнөж буй монголын улс төрийн бужигнааны гол түлхүүрийг ийм үзэгдэл, ийм төлөөлөгчид атгаж байж болох уу. Баялагтай бол баялагтай, малтай бол малтай, хүн ам багатай улс орны цөөхөн улстөрчдийн муудалцах зовлон юунаас үүсдэг вэ. Асуудлыг нийтээрээ энэ өнцгөөс харах гээд үзвэл яадаг бол?
Я.ХУЛАН
1 comment
Нямдорж Дорлигжав хоёр нэг түрийвчтэй гэсэн шүү ОюунЭрдэнэ Нямкад итгэж байна гэж хуцаад байсан эд нар хоолоо булаацалдаж муудхаар булайн ил гараад зүгээр ч юм шиг тѳрийн ажлыг гацаагаад байгаа нь эмх замбараагүй байдлыг хүсээд байгаа ч юм шиг л зүйл болоод байн даа.