/нутгийн иргэдийг мэдээлэл муутай байлгах нь алтны ченжүүдэд ашигтай байна/
Алт гэдэг нь байгалийн үнэт эрднийн нэг бөгөөд хүн төрөлхөтний байнгын хэрэглээ болсоор ирсэн. Үнэ цэнэтэй эрхэм нандин болгонд алтны орц найрлага орж байна. Хүний биед элдэв нөлөөгүй байгалийн элементээрээ бусдаас ялгардаг. Хөрсөнд байх алт нь газрын гагнаас гэх нь ч бий.
Газрын гагнаас гэгдэх алтаа бид зөв бөгөөд, үр ашигтайгаар ашиглах нь байгаль эхдээ, үр хүүхэддээ, ирээдүйдээ, эх рондоо хийж хамгийн том хөрөнгө оруулалт болно.
Өнөөдөр алтны татвар 2,5 хувьтай байгаа бөгөөд 2019.01.01-ны өдрөөс дахин энэ хувиараа татвар төлөхөөр болжээ. УИХ –аас бол татвараа, эх орондоо үлдэх хувиа бодно. Гэхдээ үүний хажуугаар хариуцлагын тухай, нөхөн сэргээлтийн тухай нинжа гэгдэх хувиараа алт олборлогчдыг “цэгцлэх” хатуухан хуулийг батлах хэрэгтэй шиг. Төр төмөр нүүрээ “хувиа” бодсон иргэдэд харуулдаг “чангахан” байх цаг нь ирж. Учир нь Нинжа хэмээн нэрлэгдсэн хувь олборлогчид татвар төлөхгүй, алтаа улсдаа тушаахгуйн дээр нөхөн сэргээлт хийхгүй. Тэднийг өөхшүүлж жагсаал цуглаан хийлгүүлж, турхирч, тухайн бүс нугийн эзэн хүний хувьд чи эзэмшинэ хэмээн турширч цаг хожоод ард нь бөөн нинжагаа оруулдаг бүлэглэл ч байдаг сурагтай.
Үүнийг төр судалж, нягталж тэдний энэ мэт увиагүй улс нийгэмд хэрэггүй үйлдлүүдийг хязгаарлах цаг нь болсоон.
Бидний хөршүүд бол алтандаа Хятад 2%, Орос 4% -ийн татвар төлдөг ба харин их гүрнүүдэд “нинжа” байх нь ховор. Учир нь “нинжа”-гийн тухай чангахан хуультай аж. Хорих ял өндөртэй, шийтгэд ихтэй, улс орноосоо урвасанд тооцогдох учраас үүнийг “дэврээдэггүй”.
Үндсэндээ алт олборлогчдын төлөх 2,5 хувийн татвар хайчдаг вэ? Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт авдаг энэхүү татварын 30 хувь нь тухай алттай нутгийн хөгжилд зарцуулагдах заалттай. Гэтэл энэ бүс нутагтаа очиж байгаа эсэх нь эргэлзээтэй, очсон ч зөв захцуулж байгаа нь мөн л эргэлзээтэй хэвээр байна.
Алтны татвар 68 хувь байхад 12 тонныг бүтэн жилийн хугацаанд тушаадаг болсноор л хувь алт авагч нарыг дэвэргэсэн хэрэг болж. Татвар 2,5 хувь болж буурснаар 20 тонн болтлоо өсөөд байгаа юм. Энэ нь алтыг газар дээрээс нь авдаг, хятад эзэнтэй Алтны Ченж гэх ойлголтыг бууруулж, цөөрүүлж чадахгүй л байна.
Нэгэн жишээ татая: Нутгийн иргэн О, хууль бус олборлолтоороо алт олборложээ. Тухайн олборлосон алтаа Монгол банкиндаа тушааж мэдэхгүй, чадахгүй, үнэ ханшийн мэдээлэл муу зэргээс үүдэн өөрт амар хялбараа бодон алтны Ченж-д өгөөд өнгөрнө. Ченж инээмсэглэн авснаар тухайн алтнаас унах нөөц ашигласны татвар, нөхөн сэргээлт, нутгийн хөгжилд зарцуулагдах хувь, эх оронд үлдэх хувь зэрэг нь үлдэхгүйгээр гарч байна гэсэн үг. Ялангуяа баян сайхан хангайн иргэдийг улам бүдүүлэг, харанхуй, зэрлэг, гүжирмэг, тэнэгдүү болгож алтыг зөвхөн гүнээс гаргаж ирэх ажлыг хийлгэж, жагсаал цуглаан зохион байгуулж хариуцлагатайгаар олборлох гэсэн компаниудын эсрэг тэмцүүлж, гарынхаа үзүүрээр хөдөлгөж байдаг алттай нутгийн “нууц бүлэглэл” бий болжээ.
Ялангуяа Заамар, Дархан- Уул, Орхон, Баянхонгор, Өвөрхангай чиглэлд уурхайн тухай асуудал аль биднийг багад л Нинжа хэмээн яригдаж байсан ч томоохон компаниуд орж хариуцлагатай, эх оронч, иргэдийг ажлын байраар хангахуйц, эх орон, байгаль дэлхийг гомдоохгүй, хуулийн дагуу, аюулгүй ажиллах, иргэдийг албан ёсны татвар шимтгэл төлүүлж ажиллах ажлын байрыг бий болгосон үлгэр жишээ нэг ч компани орж ажилласангүй. Тэд чадахгүйдээ биш харин тэднийг оруулахгүй байх алтны Ченжүүдийн бодлого их нарийн төлөвлөгөөтэй учраас тэр л дээ. Өнөөдөр албан бус тоогоор 40 000 гаруй нинжа гэх хэзээ үхэхээ мэдэхгүй, улс оронд нэмэргүй, үр хүүхэддээ үлдэцгүй, ирээдүйгээ төсөөлөөгүй иргэд байна. Тэдэнд хууль ярих, эх орон байгаль эхийг тайлбарлахад “илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ”гэгчийн үлгэрээр үл итгэж, үл ойлгож, үл тооно. Тэдэнтэй хамт тухайн нутгийн засаг захиргаа, ИТХ төлөөлөгчид нэгдэн “хахуульд” автан мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт болон хувирчээ. Энэ эрчлээсийг хэн тайлах вэ? төр нь төр шиг, чанга байж л дийлэх байх.
Гэтэл Манай улсад хариуцлагатай уул уурхай хөгжиж гэмээ нь МУ-н экспортын 90 хувийг дангаараа хангаж байгаа үзүүлэлт нэмэгдэнэ. Өнөөдөр уул уурхайн салбар ДХБ-ны 20 хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70-с дээш хувийг, манай эдийн засгийн 70-с илүү нь зөвхөн хариуцлагатайгаар олборлосон уурхай дээр тогтож байна. Энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой.
Үүний тулд бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
Мэдээж монгол банк нинжа нартай үнэ хаялцах ямар ч боломжгүй тул тэдний хүрэх газар хүрч ажиллах жижиг агентуудаа байгуулах хэрэгтэй. Монгол Банкны итгэмжит төлөөлөгчидийг орон нутагт алттай нутагт байршуулж, хатуу чанга хяналтан дор алтыг авдаг, татварын үнэ цэнэ, нутгийн ирээдүй, хууль дүрэм журмыг таниулан сурталчилдаг байх нь одоогийн хамгийн зөв гарч болоод байна. Мөн нөхөн сэргээлт хийхийг тухайн алтны татварын 2,5 хувьд багтаах, хуулинд өөрчлөлт оруулахыг дэмждэг байхаар тусгавал хэн хэндээ ашигтай, үлдэцтэй болох аж. Иргэдийг бичил уурхай эрхлэгчид болгож зөв зохион байгуулалтанд оруулж, тэтгэвэрт гарах нөхцлийг бүрдүүлж ажилладаг болгосноор зөв замаар, эргээд эх орондоо үлдэцтэйгээр хөгжих гарц болохоор харагдаж байна.
Б.Саранцацрал