Энэхүү ярилцлагыг 1980 оны 12 дугаар сарын 5-ны өдөр авсан юм. Жон Ленноныд Rolling Stones сэтгүүлийн нийтлэлч Жонатан Котт хүрэлцэн иржээ. Тэд есөн цаг гаруйн хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байна.
Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа Жоныг хөнөөсөн юм. Тэгэхээр алдарт дуучин амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд юу бодож, юу ярьж явсныг энэхүү ярилцлага тодорхой хэмжээгээр гаргасан биз ээ.
Хүүхдүүдийн талаар
“Хүүхэд төрөх нь бидний хувьд маш чухал байсан. Бид хэчнээн удаан оролдож, хэчнээн ч олон удаа зулбаж, заримд нь Йоко маань үхлийн ирмэгт ирээд байсан билээ.
Бидний нэг хүүхэд амьгүй төрж, мансууруулах бодис, хувийн таагүй байдал, нийгмийн асуудалтай хүртэл тулгарч байлаа. Энэ бүгдийг бид өөрсдөө, эсвэл найз нөхдийнхөө буянаар бий болгож байсан юм.
Бид ч хүүхэдтэй болж чадсан. Үүний төлөө бид 10 жил хичээсэн шүү дээ.
Манай хүүхдийн хувьд… Маш хүнд. Би дэлхийн хамгийн сайн аав биш. Би чадах чинээгээрээ л хичээж байна. Гэхдээ би байнга л цухалдаж, сэтгэл гутралд орох юм. Миний сэтгэл санаа нэг өөдрөг болоод унаж, дахиж өөдрөг болоод унаж байх жишээтэй. Энэ бүгдийг Шон хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог.
Бид бүгд хувиа хичээгчид. Гэхдээ уран бүтээлчид гэх хүмүүс хэт хувиа хичээгчид юм шиг санагддаг. Түүн шиг Йокогийн, эсвэл Шоны талаар, эсвэл муур, өөр хэн нэгэн гээд өөрөөсөө өөр хүн, амьтны талаар бодоход хүнд байдаг.
Миний хувьд хамгийн хэцүү зүйл бол тоглох. Би үүнээс өөр юуг ч хийж чадна. Зураг зурж, хүүтэйгээ зурагт үзэж чадна.
Энэ тал дээрээ би мастер. Би ийш тийшээ явах шаардлагагүй бол ямар ч юмыг үзээд суугаад байж чадна. Хүүтэйгээ ярьж, түүнд ном уншиж өгч чадна. Түүнийг дагуулаад кофе уухаар хаа нэгтээ явж чадна”.
Олон нийтийн санаа бодлын талаар
“Бүх хүнд л чи юу хийх ёстой вэ гэсэн тодорхой төсөөлөл байдаг. Гэсэн хэдий ч эцэг эх, эсвэл нийгэм, эсвэл шүүмжлэгчид гэх танаас ямар нэгэн зүйлийг хүсч байгаа бүхэнтэй зохицож амьдрахаас өөр аргагүй болдог.
Үнэндээ жижигхэн өрөөнд суудаг, гартаа үзэг, эсвэл бичгийн машинтай энгийн залуус тамхи татаж, шар айраг ууж л байдаг, тэдэнд өөрсдийн гэсэн мөрөөдөл, айдас бий. Гэхдээ тэд өөрийн онцгой ертөнцдөө ямар ч гэм зэмгүй мэт л амьдардаг шүү дээ. Бурхан минь гэж. Гэхдээ энэ бүгдийг тоодоггүй хүмүүс ч олдоно”.
АНУ-д нүүж ирсэн тухай
“Хачирхалтай явдал тохиолдох юм. Англид байхад одон оронч гэх нэгэн залуу надад өөр оронд амьдрах юм байна аа гэж хэлж билээ. Би АНУ-д үлдэх эрх авахын төлөө үхэн хатан зүтгэж эхлэх хүртлээ үүнийг таг мартчихсан байсан юм.
Тэр үед л би “Чөтгөр гэж, би энд юу хийгээд байгаа юм бэ? Би юундаа ч ингэж тэмүүлээд байгаа юм бэ?”” гэж бодож байлаа. Би анхандаа энд амьдаръя гэж бодоогүй, зүгээр л тохиолдлоор амьдрах болсон юм. Бид юм хумаа ч бүрэн аваагүй, удахгүй эргэж ирнэ ээ гээд л Англид гэрээ тэр чигт нь үлдээсэн. Гэвч бид дахиж эргэж очоогүй”.
Уран бүтээлийн талаар
“Багахан, дунд хэсэгт төвлөрч ажиллаж болно л доо. Гэхдээ миний хувьд том хэсэгт төвлөрөхийг илүүд үздэг.
Би уран сайхны сургуульд орохоор шийдэхдээ хэрвээ би ямар ч төрлийн хүнд таалагдах уран бүтээлч болъё гэвэл миний хийсэн ажилд аль болох олон хүнд таалагдаж байгаасай гэж хүснэ. Байшингийнхаа дээвэр дээр чимээгүйхэн зургаа зураад, хэнд ч юу ч үзүүлэхгүй байна гэдэг надад тохирохгүй”.
Уран сайхны сургуульд сурсан талаар
“Би уран сайхны сургуулиас их ууж, сурахынхаа хажуугаар кайф авдаг эмэгтэйчүүдээс өөр юу ч олж авч чадаагүй ээ. Надад энэ бүгд аймшигтай их таалагддаг байсан. Харин урлагийн хувьд би юу ч огт сураагүй”.