Жиргээнд нэг бүсгүй “ЖДҮ ээс өөр юм ярья трэнд үүсгэх гээд ядаад байгаа юм уу? ЖДҮ-чид хариуцлага хүлээгээгүй байна, мөнгөө ч буцааж төлж дуусаагүй байна. Ял шийтгэлээ эдлээгүй байна. Ийм байхад юун өөр сэдэв бэ? Тэр сэдвээ ахиад бас өөр сэдвээр дарах уу?” хэмээн бичсэн байна..
ЖДҮ-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэвэл УЕП-оос гарван гишүүний нэрийг УИХ-д удахгүй өргөн барина гэсэн. Бас л таг. Ямартай ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан буюу ББСБ-аар дамжуулсан нөхдийг “мөнгө угаасан” гэж үзэж эхний ээлжинд бүрэн эрхийн асуудлыг тавих юм гэсэн.
Харин хуульчид нэгдэж ЖДҮ-ээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргаж төслөө өгөөд зээл авч чадаагүй иргэд, ах ахуй нэгжүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа юм байна. Өмнө нь нийтийн эрх ашгаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан туршлагатай “Онч шийдэл” төрийн бус байгууллага энэ үүргийг хариуцаж авсан гэв. Гэвч өөрсдийн боломжоо “ЖДҮ”-чдэд булаалгасан иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө юу хийсэн бэ гэж үү?
Одоогоор юу ч хийгээгүй л байна. Тэдний зүгээс шүүх, хуулийн байгууллагад хандсан зүйл одоогоор алга. Бодоход “газар хатуу, тэнгэр хол” гээд шороо самраад сууж байгаа биз.
2018 онд ЖДҮХС-гаас зээл авахаар 1031 иргэн төсөл өгсөн, 498 төсөл шалгуурт тэнцсэн. Үүнээс 134 нь зээл авсан гэж байгаа. Зээлийн шалгуурт тэнцсэн төслийн тоо янз бүрээр бичигдэж байгаа юм байна. 498 гэдэг бол “Хууль дээдлэх ёс-Авилга, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлэгт хуульч, доктор Д.Сүнжидийн анх танилцуулсан тоо. Засаг даргаар ажиллах хугацаандаа 12-хон удаа гадаадад аялсан хүнийг 13 удаа аялсан гэж гүтгэлээ гэж шүүхдээд ялалт байгуулсан бодит түүх бий учир хэрэв дээрх тоо андуурагдсан аваас ХХААХҮЯ-ны нөхдөөс хүлцэл өчье.
Зээл авсан компаниудын хувьд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Төсөл дэмжих тухай” нэртэй А/88 тоот тушаалаар сангийн захирал С.Төгсбилэгт үүрэг өгч зээл олгуулсан компаниуд. Сайдын тушаалыг биелүүлснийхээ төлөө сангийн захирал өнөөдөр албан тушаалын хэргээр хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Харин Б.Батзориг сайд уучлал гуйсан болоод сайдынхаа албан тушаалаас сайн дураараа чөлөөлөгдөх шив дээ.
Жижиг дундын хэрүүл ид дундаа явж байх үед УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор нэг асуудлаар хуралдсан байдаг. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хүсэлт өгөөд авч чадаагүй 700 гаруй иргэд Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан юм байна, өнгөрсөн хавар. Өргөдлийн байнгын хороо уг асуудлыг судалж үзээд 2015 онд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш түрээсийн зориулалтаар баригдсан 3000 айлын орон сууцын 1500-г нь л ТОСК түрээслүүлсэн. Гэхдээ энэ 1500-гаас дөнгөж 500 өрх айл нь зохих шалгуурын дагуу орсон байна гэж сая хэлэв. Тиймээс ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох “Буян Ухаа-2“ хорооллын 972 айлын орон сууцыг зорилтот бүлэгт нь журмын дагуу эрэмбэлээд олго гэдэг үүргийг ТОСК-д өгсөн. Энэ удаад ямар нэг сугалаа энэ тэр гэсэн “ноу хау” байхгүй шүү гэж.
Тэгэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн, зээлийн шалгуурт нийцсэн ч зээлээ авч чадаагүй иргэд ч гэсэн өөрсдөө өөрсдийнхөө төлөө явж сурмаар байна. Тэгэхгүй бол “дуугуй байх нь зөвшөөрсний тэмдэг” гээд дарлах улс захаас аван. “Ажлын байр бий болго, арав таван хүнд цалин өг” гээд жижиг, дунд хэсгээ дэмжих гэж хийсэн мөнгийг хамгийн баян хувалзнууд нь хувааж авчихаад “хулгайлаагүй, зээлсэн шт” гээд суугаа чинь дарлаж байгаа хэлбэр мөн биз дээ. Хэрвээ УИХ-ын түвшинд явж буй хэрүүл МАН-ын хоёр бүлгийн нэг нь нөгөөгөө дарах зэвсэг болоод дуусвал хохирсон иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Тиймээс ЖДҮ эрхлэгчид, зээл хүсэгчид өөрсдөө тэднийг шүүхэд хандаж чаддаггүй юм гэхэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд бөөнөөрөө хандахад “Олны хүч оломгүй” гэдэг болж байна. Юун төлөө бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Эрх ашгаа хамгаалах ямар л механизм, эрэг шураг байна тэр болгоноос зуурч, хөдөлгөж, ажиллуулж үзэх хэрэгтэй биз дээ. Тэгэхгүй “унжаад байхаар унаад ирээсэй” гэдэг шиг тэнгэр хараад, хараал зүхэл тавиад хэвтээд байвал хэн бидний өмнөөс явах билээ. Ядаж л явья, тусалья гэж байгаа хүмүүстээ дэмжлэг болж, ард нь зогсч сурах зориг хэрэгтэй шүү дээ.
Б.ЗАЯА