ОХУ-ын “Ленфильм” кино студи түүхт Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан киноны зураг авалтаа 2019 оны зун Mонголд эхлүүлнэ. Энэ тухай тус кино үйлдвэрийн дарга Эдуард Пичугин мэдэгдсэнийг Тасс агентлаг мэдээлжээ.
“Бид кино зохиолоо бичсэн, харин одоо түүхэн баримт болон бусад туслалцаа үзүүлэхийг Соёлын яамнаас хүсч байна” гэж Пичугин Соёлын сайд Владимир Мединскийтэй уулзахдаа хэлжээ. Хариуд нь сайд кино зохиолын уран сайхны засварыг кино сан хийж, харин түүхэн дүн шинжилгээ, зохиолыг Оросын Цэргийн түүхийн нийгэмлэгт илгээхээ амласан байна.
Уг киног бүтээх саналыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Ерөнхийлөгч В.Путинд тавьж, улмаар холбогдох Санамж бичгийг энэ оны 9 дүгээр сард Дорнын чуулга уулзалтын үеэр байгуулжээ.
Тухайн киног монгол, хятад уран бүтээлчидтэй хамтран бүтээх бөгөөд найруулагчаар нь “Сталинград” киноны зохиолыг бичсэн Сергей Снежкин ажиллах юм байна.