Баруун бүсийн төвд эдийн засгийн хувьд тааламжтай газарзүйн байрлалтай Ховд аймаг нь байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц, хөдөлмөрийн идэвхжил сайтай гэх мэт давуу талуудтай. Үүнийг ашиглан тус аймагт дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүнд:
-Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл
-Цементийн үйлдвэр байгуулах төсөл
-ХАА, агропаркийн төсөл
-Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрийн төсөл
-Ховд тээвэр ложистикийн төсөл
-Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл
-Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл
Тэгвэл эдгээр төслүүд гацаанд ороод багагүй хугацааг өнгөрөөгөөд байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой хэмээн анх 1957 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд дүгнэж, 1990-ээд оноос хойш төслийг хэрэгжүүлэх санаачилгууд гарсаар байсан ч ажил хэрэг болохгүй явсаар өдийг хүрчээ.
Уг нь баруун таван аймгийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчийг орлох Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас импортоор өндөр үнэтэй авдаг цахилгаан эрчим хүчийг хямдаар авахаас гадна дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох юм. 800 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай тус төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжихээр болсон бөгөөд одоогоор хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, бичиг цаасны ажлыг 2019 онд багтааж дуусгах, амжвал 2019 ондоо барилгын ажлыг эхлүүлэх зорилготой байгаа аж. Оройтлоо гэхэд 2020 оны хавар барилгын ажил эхлэх юм байна. Баруун таван аймаг 2017 онд 232 сая кв/цаг эрчим хүч хэрэглэсэн бол Эрдэнэбүрэнгийн УЦС 300 сая кв/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.
Мөн барилга, бүтээн байгуулалтын ажлын гол түүхий эд болох цементийн үйлдвэртэй болсноор шинээр баригдаж буй орон сууцны үнэ 30-40 хувиар буурах боломжтой гэсэн судалгаа бий. Тэгвэл “Ховд-эко” цементийн төслийн санхүүжилт шийдэгдсэн бөгөөд 2019 оны хавраас барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баруун бүсийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй ОХУ-руу экспортлох боломж байгаа юм. Баруун таван аймаг жилд дунджаар 220 мянган тонн цемент хэрэглэдэг ба үнийхээ 88 мянган тонныг БНХАУ-аас, 132 мянган тонныг Улаанбаатараас татаж хэрэглэдэг байна.
Ямартай ч өнөөдрийн байдлаар дээрх хоёр төсөл хөдлөхөд бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ.