Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цогц аяныг зохион байгуулж, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажиллагааг 2018 оны турш явуулж байгаа тухай мэдээлсээр байгаа билээ. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан ойн өдөр “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл” 16 дахь ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож “Хүний эрхийн түгээмэл тунхаглал 70 жилийн ой: ололт, амжилт, сорилт, бэрхшээл”, “ХЭҮК-ын 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 оны төлөвлөгөөний төсөл”, “Иргэний нийгмийн байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 онд анхаарч ажиллах чиглэл”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Монгол хэлнээ буулган түгээн дэлгэрүүлсэн нь” зэрэг сэдвээр мэдээлэл сонсч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шүүмжлэл, эргэлзээ, магтаал сайшаал давхацсан уулзалт идэвхтэй өрнөж, тэр дундаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг анх удаа Монгол хэлнээ буулгасан орчуулагч, сэтгүүлч Ц.Цэрэн, түүнийг нь шүүн тунгаасан тухайн үеийн Энхтайван найрамдлын хорооны дарга, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд асан Д.Цахилгаан, “Үнэн” сонинд 30 зүйл бүхий тунхаглалыг бүрэн бүтнээр нь нийтлүүлж чадсан тухайн үеийн Гадаад харилцааны яамны төлөөлөл, тэргүүн шадар Ш.Шагдарсүрэн нарын яриа олны анхаарлыг татаж байлаа. Орчуулагч, сэтгүүлч Ц.Цэрэн 1982 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орос хэлээр олж уншаад эх хэлнээ буулгах санаа төрж, орчуулжээ.
Харин түүнийгээ хэвлүүлэх гэтэл зөвшөөрөл авах шаардлагатай болж, албаны хүмүүст хандаж, Хүний эрхийн тунхаглалыг ном болгон 3000 ш хэвлүүлж түгээсэн байна. Харин бүр сүүлд 1989 оны 2 дугаар сард дээрх хүмүүсийн хичээл зүтгэл дэмжлэгтэйгээр “Үнэн” сонинд нийтлүүлсэн нь тухайн үедээ үзэл санааны томоохон тэсрэлт, дэвшлийг авчирсан тухай дурсан ярьцгааж байлаа. Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг анх эх хэлээрээ орчуулан түгээсэн орчуулагч, сэтгүүлч Ц.Цэрэнд “Хүний эрхийн төлөө” тэмдэг олгосныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулж, шагналыг гардууллаа.
Мөн энэ өдөр ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүн, “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүү, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор С.Мөнхсайхан нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр, “Хүний эрх” сэтгүүлийн редактор, Удирдлагын академийн багш, доктор, профессор А.Алтанзул, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Эрх зүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч Н.Арвинтариа, “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янжмаа, “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн редактор Д.Даваадулам, “Zaluu.com” сайтын сэтгүүлч Т.Болормаа нарыг Хүний эрхийн Жуух бичгээр тус тус шагнууллаа.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Франц Улсын Монгол Улс дахь Элчин сайд болон Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улаанбаатар хот дахь франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төвтэй хамтран 2018 оны 12-р сарын 10-ны өдөр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төлөөллийг хүлээн авч, дээрх ажиллагаанд дэмжлэг үзүүллээ. Тус хүлээн авалтын үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Монгол Улс дахь Элчин сайд, ноён Филипп Мерлин: “Парис хот дахь Шайо-гийн ордонд 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүртэй адил тэгш хандах нэгэн зорилгын хүрээнд хүмүүн төрөлхтөн нэгдэн оршихыг бататгаж өгсөн билээ.
Дэлхийн олон оронд хувь хүний болон олон нийтийн эрх чөлөөг хязгаарлах явдал ихсэж байгаа тул олон улсын түвшинд хүний эрхийн зарчмыг хамгаалах нэн шаардлагатай байгааг энэхүү тэмдэглэлт ойгоор сануулах болно. Өнгөрсөн 10 дугаар сард Парис хотноо болсон Хүний эрхийн хамгаалагчдын дээд хэмжээний уулзалт зэрэг энэхүү түүхт ой тохиож буй жилийн туршид зохион байгуулагдсан арга хэмжээтэй нийцүүлэн энэхүү хүлээн авалтыг манай ЭСЯ зохион байгуулж байна” хэмээсэн юм. Мөн уг арга хэмжээний үеэр франц судлалын чиглэлээр суралцдаг оюутнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн сэдэвт өгүүллэг эсээг франц хэлнээс буулгаснаа уншиж танилцууллаа гэж ХЭҮК-оос мэдээлэв.