Францын нийслэл Парис хотод сурдаг 19 настай Англи оюутан Эстеллэ хотын захын “Вал де Марне” дүүргийн нэгэн дэлгүүрээс үсний будаг худалдан авсан байна. Заавар дээр бүх будгаа түрхэхээсээ өмнө хэсэг газар түрхэж туршаад 48 цагийн дараа үсээ будахыг зөвлөсөн байв. Харин Эстеллэ туршилтын хугацаа эхлээд дөнгөж 30 минут болоход үсээ буджээ. Удалгүй түүний хуйх нь загатнаж, улмаар толгой тэр чигтээ хавдаж эхэлсэн байна. Эмийн сангаас харшлын эсрэг эм болон тос авч хэрэглэсэн ч нэмэр болохгүй болохоор нь эмнэлэгт хандсан гэнэ. Эмнэлэгт ирээд толгойны тойргыг хэмжүүлэхэд 56 см тойрогтой байсан толгой нь 63 см болсон байв.
Бүсгүй үсний будагны найрлаганд агуулагддаг “PPD” хэмээх химийн элементэд харшилтай байсныг шинжилгээгээр тогтоосон байна. Нийт үсний будагны 90 хувьд нь энэ бодис орсон байдаг ба ялангуяа бараан өнгийн үсний будганд илүү их байдаг аж. Үүнээс гадна хэнна шивээс, бараан өнгийн нүүр будалтын бүтээгдэхүүн, принтерийн хор, техникийн тос, хар өнгийн резин, шатахуун зэрэгт агуулагддаг байна. Гоо сайхны бүтээгдэхүүн дэх “PPD”-ийн хэмжээ хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой ба Эстэллэгийн хэрэглэсэн үсний будаг нэг хувийн “PPD”-ийн агууламжтай байсан гэнэ.
“PPD”-ийн харшилгүй хүнд ямар ч сөрөг нөлөө байдаггүй. Харин энэ төрлийн бодисоос харшилдаг хүнд заавал туршиж үзэж байж хэрэглэхийг зөвлөдөг байна. Эстеллэгийн ээжийн хэлснээр хэрэглэхээс өмнө заавал 48 цагийн хугацаанд туршиж үзэхийг маш тодорхой бичсэн байхад Эстэллэ 30 минутын дараа будгаа үсэндээ түрхсэн гэв. “Би үхэх дөхсөн. Эхлээд миний хуйх загатнаж, дараа нь толгой минь яг л гэрлийн чийдэн шиг хэлбэртэй болж хавдаж эхэлсэн. Тэгээд хэл минь хавдаж, ярихад төвөгтэй болсон. Бусад хүмүүст анхааруулах үүднээс би хэвлэлийн байгууллагад хандсан ” гэж Эстеллэ “French Daily” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эх сурвалж: news.mn