Анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөв дэх айчлалаа Японд хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 13-15-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр товложээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон, эдийн засгийн чиглэлээр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Японы визний асуудлаар эерэг хэлэлцээр явагдаж магадгүй гэсэн хүлээлт байна.
Япон Улсаас Монголд аялал жуулчлал хийх хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа хэдий ч нислэгийн тоо цөөн аж. Тиймээс стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоёр улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарахаар болсон юм. Японы Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг 2019 онд бүрэн ашиглалтад оруулбал Японоос Монголыг зорих жуулчдын тоо эрс өсч, хүчин чадал нэмэгдэнэ гэж тооцоо бий. Япон Улсаас Монголд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээс Жайка олон улсын байгууллагын “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр юм.