Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийт рүү хандсан мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай ярилцлаа.
– Жендерийн талаар, жендерийн хүчирхийллийн төрлийн талаар товчоор тодорхойлбол ?
-Жендэрийн тэгш бус байдал нь хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж, хүйсээс нь шалтгааланболомж, бололцоог нь хязгаарлаж байдаг. Үүний нэг илрэл нь жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүчиндэх гэсэн төрлүүдтэй бөгөөд эндээс манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь бусад хэлбэрээсээ тооны хувьд илүү цагдаагийн байгууллагад бүртгэгддэг юм.
Гэр бүлийн хүчирхийлэл хүчирхийлэл давамгайлдаг гэж хэллээ. Энэ үзүүлэлтийг багасгахын тулд цагдаагийн байгууллагаас ямар ажлуудыг хийж байна. ДЭМБ-аас 2014 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1/3 % хүчирхийлэлд өртдөг байна. Манай улсад жендэрт суурилсан хүчирхийллийн нэг төрөл болох гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг их байгаа тоон үзүүлэлтээс харагддаг.
Цагдаагийн байгууллагад 2016 онд 621.072 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 15.842, 2017 онд 621.162бүртгэгдсэний 31.853, 2018 оны эхний 11 сарын байдлаар 558.419 бүртгэгдсэний 39.121 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг ангилан авч үзвэл эхнэр 1729, хамтран амьдрагч 552, нөхөр 177, төрсөн хүүхэд 98, дагавар хүүхэд 86, хадам эцэг, эх 28, төрсөн эцэг, эх 50, төрсөн дүү 25, төрсөн ах, эгч 23, өвөө 1, үрчилж авсан хүүхэд 1, бусад 304 хүн байна.
Энэ оны 11 сарын байдлаар хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл давхардсан байдлаар бие махбодийн хүчирхийлэл 794, сэтгэл санааны хүчирхийлэл 403, бэлгийн хүчирхийлэл 28, эдийн засгийн хүчирхийлэл 9, хүчирхийллийн давтамжаар авч үзвэл байнга хүчирхийлэл үйлдсэн 31 тохиолдол бүртгэгдсэн. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 дугаарт хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 552 мэдээллийг дамжуулж, тус төвөөс 102 тусгай дугаарт ирүүлсэн 1137 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.
Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МШУТ-ийн ШУХ 102 анхааруулж байна” хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 198 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.
-Жендерийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллага ямар ажлууд хийж байна вэ ?
-Цагдаагийн байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон жендэрт суурилсан аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ХДЗХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөө /2018-2021/-ний дагуу “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2018 онд хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө”-г гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироох замаар хүчирхийллийг зогсоосон тохиолдлууд байдаг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг нь гэр бүлийн хүчирхийллийг нуугдмал байдалд оруулж байна. 2017 онд Цагдаагийн төв байгууллагын бүтцэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг бий болгосон.
Мөн хүн амын нягтаршил, үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан Нийслэлийн цагдаагийн газарт 1 хэлтэс, Түр хамгаалах байр, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийнбайгууллагуудад тус бүр 1-2 алба хаагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэнээр ажиллуулахаар орон тоог баталсан байгаа.
НҮБ-ын Хүн амын сантай байгуулсан 2017-2021 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд “Жендертсуурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн цахим сан”-г шинээр бүрдүүлэн, үйл ажиллагаандаа ашигласнаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж буй цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол маш том ажлын нэг хэсэг нь.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн эргүүлийн 62 чиглэлд хөдөлгөөнт төхөөрөмж байршуулж, дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлтийг газар дээрээс нь оруулдаг болсноор тухайн дуудлага өгсөн утаснаас өмнө өгч байсан дуудлага мэдээллийн түүх, авсан арга хэмжээний мэдээллийг алба хаагч шууд харах боломжтой болсон. Энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоо, төрийн болон төрийн бус байгууллагууд, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, НҮБ-ын Хүн Амын сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төвтэй хамтран иргэд, олон нийтийн чиг хандлагыг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн аян, олон нийтийг хамруулсан ажил, арга хэмжээг давхардсан тоогоор 75 удаа зохион байгуулж, 92500 гаруй иргэн, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 12500 алба хаагчийг тус тус сургалтад хамруулсаад байна.
Энэ жилийн хувьд Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 20 дахь жилдээ, Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор зохион байгуулж ажиллаж байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ухуулга нөлөөллийн эрчимжүүлсэн 11 аяныг улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас зохион явуулсан үр дүнтэй ажил болсон.
-Жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр Цагдаагийн байгууллага цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ ?
Энэ талаар цаашид Цагдаагийн байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийлэл буюу гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хийж байна. Үүнд: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн зүгээс хүчирхийлэл үйлдэгчийг шүүх, цагдаагийн байгууллагадөгөхөөс илүү хүчирхийлэгчийн зан үйлийг засаж авахыг хүсдэг учраас энэ тал дээр суурилсан сургалтуудыг тогтмол зохиох, хамтарсан багаар ажиллаж хүчирхийлэгчийн зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Үүнээс гадны орон нутгийн захиргаа нийгмийн ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид , прокурорын байгууллага гэх мэт ажилчидад чиглэсэн сургалтуудыг цогцоор нь зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн жендерийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Иргэдэд мэдээлэл хүргэхэд өнөөдөр хамгийн их хэрэгтэй зүйл бол сошиал орчин, мэдээллийн хэрэгслүүд болоод байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо хамгийн чухал гэдгийг хэлмээр байна. Та хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийг мэддэг бол тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдрэх, цаашлаад цагдаагийн байгууллагад хандаж, хүчирхийллийг таслан зогсооход өөрийн хувь нэмрээ оруулаарай.