Төрсөн эцэгтэйгээ маргалдаж амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн амралтын өдөр (2017.04.09-10) гарчээ. Энэ хэргийг 17 настай хүү үйлдсэн бөгөөд үүрийн 04:00 цагийн орчимд цагдаад өөрөө дуудлага өгсөн байна.
СХД-ийн “Хархорин” захын ард талд байрлах нэгэн орон сууцанд уг золгүй хэрэг болжээ. Хүүгийн аав болох 48 настай М нь хэвлийн тус газартаа олон удаа хутгалуулснаас болж газар дээрээ амиа алджээ. Хэрэг болохоос өмнө хүүгийн аав, ээж хоёр салж аав нь тусдаа амьдрал зохиогоод байсан юм байна. Энэ хугацаанд хүү сэтгэл гутралын байдалтай удаан явсан гэнэ. Уг золгүй явдал болдог өдөр талийгаач М ээжийнх нь төрсөн өдрөөр гэртээ ирээд байсан аж. Тухайн үед хүүгийн ээж байхгүй, хүү салж яваад гэртээ ирсэн аавдаа уурлан маргалдсаны эцэст ийм зүйл болжээ.
Сэжигтэн Б цагдаад мэдүүлэхдээ “Болсон үйл явдлыг тодорхой санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах урчаа олохгүй цагдаад дуудлага өгчихөөд айсандаа зугтсан” гэжээ. Хэргийг харьяаллын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хэрэг үйлдсэн гэх Б нь 17 настай учир эрүүгийн хариуцлагад татагдахаар болжээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харъяа хүүхдийн хорих ангид түр саатуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.