Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж чагнасан, мөрдсөн хэмээх дуулиан дэгдсэн билээ. Улмаар Тагнуулын ерөнхий газар, АТГ-т шалгуулахаар хандсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэд хэдэн хүнийг цагдан хорьж шалгасан. Түүний дотор цагдаагийн хоёр ч ажилтан байсан билээ. Мөн У.Хүрэлсүхийг тагнаж явснаа илчилж ирсэн, цагдаагийн хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Ч.Батболд тэдний нэг нь байсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 13.12-т заасан гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд хууль бусаар мөрдөн мөшгисөн хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, цагдаагийн хоёр ажилтныг мөн хуулийн 22.1.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцон, цагдан хорьж байсан. Тухайн үед АТГ-ынхан мэдээлэл хийхдээ “Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраар дамжин наймдугаар сарын 7-нд ирсэн. Мөрдөн байцаалтын шатанд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяр болон хамаатан садныхаа хүмүүсээр дамжуулан өнгөрсөн долдугаар сард өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэлээр тараасан. Энэ үйлдэлд нь Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Түүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч тагнаж, чагнуулсан гэх нотолгоо тогтоогдоогүй” гэж байсан билээ. Эцэстээ уг хэрэгт У.Отгонбаяр нарын хоёр хүнийг л яллагдагчаар тооцон шалгасан бөгөөд өдгөө ямар нэг ажиллагаа хийхгүй, АТГ, НПГ-ын дунд байгаа гэнэ.
Прокурорын байгууллагын эх сурвалж “Эрүүгийн хуулийн 13.12.1-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Өөрөөр хэлбэл, хөнгөн гэмт хэрэгт тооцогдоно. Энэ хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон. Түүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гээд хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй заалттай. Тэгэхээр 2017 оны долдугаар сард үйлдсэн гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ оны наймдугаар сард дууссан байх учиртай” хэмээсэн юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаад байхад чухам яагаад хэрэгсэхгүй болгоогүй нь тодорхойгүй байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа
1 comment
Cyxiin xybildaaniig ogoo garaxgyi Bol man nam baixgyi bolox shatandaa Orloo doo myn ynryrcyn tyyxee ynsh .cydal ceremjtei bai man namiin gishyydee