УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн заалтыг тайлбарлав

Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулж, чөлөөлж болно” гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт:

1. Нас барсан,

2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,

3. Хүндээр өвчилсөний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,

4. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэснийг УИХ хүлээн авсан,

5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь хуулийн хүрээнд огцруулж, чөлөөлж болно гэж заасан байдаг байна.

Энэхүү таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа” хэмээн тайлбарлалаа. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.23-т “Гишүүний ёс зүйг УИХ-ын гишүүн чанд баримтална” гэж заасан байдаг. Тиймээс Улсын Их Хурал хэвийн үйл ажиллагаа явуулахад гишүүд дэгээ сахиж, хуульд заасан үндэслэлээр асуудалд хандах хэрэгтэй байгааг хуулийн зөвлөх мэдэгдлээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.