Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэсэн. Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр өргөтгөн тодорхойлжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн байна.
Энэ үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дѳрѳв дэх дүрмийн тѳслийг Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн баталж мѳрдүүлэх шаардлагатай болсон байна.
Уг дүрмийн төсөлд:
– Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх,
– Хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого,стратеги,хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.
– Мөн Салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.
– Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.
“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр (2018.12.05) ТББХ-гоор хэлэлцэж дэмжсэн юм. Төрийн албаны зөвлөлийн үндсэн болон тодорхой чиг үүргүүдийн харилцан уялдааг үндэслэн Зөвлөлийн Ажлын алба нь:
-Захиргаа, удирдлагын;
-Сонгон шалгаруулалтын;
-Хүний нөөцийн удирдлага, аудитын;
-Маргаан хянан шалгах гэсэн үндсэн дөрвөн газартай байхаар тогтоолын төсөлд тусгажээ.
“Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай” УИХ-ын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Зөвлөлийн Ажлын албаны орон тоог 14 нэгж орон тоотой байхаар тогтоосон бөгөөд 2018 оны батлагдсан төсвөөр Зөвлөл нь 19 орон тоотой ажиллаж байгаа аж. Харин Зөвлөлийн Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгж тус бүрийн чиг үүрэгт үндэслэн орон тооны дээд хязгаар нь 56 хүртэл нэгж орон тоотой байхаар тооцож төсөлд тусгасан байна.
Өчигдөр хуралдсан ТББХ-ны хуралдаанаар энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “2006 онд 14 хүн батлагдсан гээд, танилцуулгад 19 хүн ажиллаж байгаа гэж байна. Түрүүн намайг асуухад энэ хуулийн хэрэгжилтийг 44 хүнээр хийж болох юм гэсэн судалгаа гараад байгаа гэсэн. Сая Цогтоо дарга 50 орчим гэж байна. Тэгээд энэ танилцуулга дээр 56 гэсэн байгаа. Ярих болгондоо 4-5-аар нэмсээр байгаад Байнгын хорооноос Их хуралд орохдоо 60 болчих вий дээ. Тийм учраас үнэхээр 4 бүтэцтэй салбар орон тоо нь тэд байх юм гэдгийг байнгын хороо нэлээд сайн авч үзэх хэрэгтэй. Хууль нэлээд өргөн хүрээнд хэрэгжих ажил гарсан учраас мэдээж орон тоо нэмэгдэнэ гэдгийг ойлгож байна. Гэхдээ яриа болгон дээр нэмэгдээд байх биш, яг л тооцож оруулаарай.” гэсэн юм.
2012 онд 147 мянган төрийн албан хаагчтай байсан бол 2016 онд 183 мянга болж, өнөөдөр 192 мянган төрийн албан хаагчтай болжээ. Яам, агентлагуудын бүтэц нэрээр эдгээр тоо нэмэгдсээр байгаа. Тиймээс төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоог 10 хувиар бууруулах саналыг УИХ-ын дарга өмнө нь гаргаж байсныг тэрээ өчигдөр хуралдааны үеэр дурьдсан юм. Жишээлбэл, 2017 онд УИХ-ын Тамгын газар 200 орон тоотой байсан бол 180 болгон бууруулж байжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар эдгээр асуудлуудыг буюу Төрийн албаны зөвлөлийн орон тоо, дүрэм, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, зэрэглэл зэрэг төрийн албаныхантай холбоотой зарим хууль, дүрэм журмыг хэлэлцэх юм.