Өнгөрсөн онд УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН төрийн албыг наймаалж, сонгуулиар зарцуулсан хөрөнгөө босгохын тулд схем гаргасан тухай яриа өдгөө ч амь бөхтэй оршоор байна. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, улмаар нэр бүхий хүмүүсийн ярьсан 60 тэрбумын асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь ч бий. Ерөнхийдөө МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна, ард түмнийг ядуурлаас гаргана, ажилтай орлоготой монгол хүнийг бий болгоно амлалтдаа хүрээгүйгээр үл барам ухарч, няцаж эхэлсэн.

Дээр дурдсан яриа ч оргүй зүйл биш гэдэг нь олон талаар илэрсээр байгаа. Үүнийг төрийн албадад мэдлэг туршлагатай нь бус мөнгөтэй, арын хаалга сайтай нь томилогдож буйгаар харж болно. Өөрөөр алдарт схемийн болзлыг хангасан нэг нь амандаа шар тос түрхэж, албан тушаалд морилсон ч гэж тодотгож болно.

Үүний нэг жишээ нь, ГССҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхсайханы томилгоо.

Тодруулбал, ГССҮТ-ийн эмч, ажилтнууд А.Цогцэцэгийн Эрүүл мэндийн сайд байхдаа хийсэн томилгоог зохих хуулийн байгууллагад шалгуулах нэн шаардлагатай болсныг учирлаж байна. Энэ томилгоо ч анхаарал татмаар асуудал олонтой юм билээ. Уг нь Монголд ганц байдаг гэмтлийн эмнэлгийг наанадаж туршлагатай, цаанадаж ёсзүйтэй хүнээр удирдлуулах ёстой. Харин А.Цогцэцэг 2016 онд Эрүүл мэндийн сайд болсон даруйдаа сургуулиа төгсөөд хэдхэн жил ажиллаж байгаа, удирдлагын туршлагагүй хүнийг тус эмнэлгийг захирлаар томилсон ажээ.

Бид ГССҮТ-өөс ирүүлсэн мэдээллийн дагуу энэ сэдвийг сурвалжлахад, тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхсайхан өнгөрсөн онд албаа авсныхаа дараахан “Би МАН-д 500 сая төгрөг өгч дарга болсон” хэмээн сайрхан ярьж, сав л хийвэл бат араанд нь хийсэн албаараа түрий барьж, эмч, ажилтнуудаа дарамталж, дээрэнгүй харьцах болжээ. Тиймээс Т.Мөнхсайханы томилгоо, түүний цаад учрыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлтэй байгаа гэдгээ ГССҮТ-ийн эмч нар бидэнд ярьсан юм.

Т.Мөнхсайханы тухай асуудал ингээд дуусахгүй аж. Тэрбээр өнгөрсөн намар эмнэлгийн гадна онгоц шууд газарддаг болсныг өөрийнх нь хийсэн ажил гэж сайрхахаас гадна энэ төслийн хүрээнд чамгүй юм нааш, цааш болгосноо ч мэдэгдэж орхисон бололтой. Хамгийн гол нь, түүний энэ байдлыг шүүмжилж, ажилдаа зохих ёсоор хандахыг шаардсан эмч нар, ажилтнууд байнгын дарамтад байх болсон байна.

Ингээд зогсохгүй Т.Мөнхсайхан сүүлийн үед бүтцийн өөрчлөлт хийх нэрээр эмнэлгийн ажилтнуудын орон тоог өөрийн дураар өөрчилж, дотоод бүтэц зохион байгуулалтад огтоос шаардлагагүй өөрчлөлтүүдийг хийж, үүндээ ч багагүй мөнгө зарцуулжээ. Тодруулбал, Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхсайханы 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр гаргасан шийдвэрээр Яс үений гурван тасгийг нэгтгэж 1-р тасгийг байхгүй болгосон. Улмаар 1-р тасагт ажиллаж байсан эмч, ажилчдыг бүх тасгуудаар тараасан байна.

Түүний энэ шийдвэрийн харгайгаар эмчилгээний нөхцөл бүрэн алдагдсан бололтой. Эмч нарын зүгээс Т.Мөнхсайханы энэ шийдвэрийн буруутай талыг өөрт нь тайлбарлаж, цаашид гарах хүндрэл, өвчтөнүүдийн аюулгүй байдалд учрах ноцтой хор хохирлыг хэлээд ч нэмэр болоогүй гэнэ. Учир нь тус эмнэлгийн дотоод зохион байгуулалт нь олон жилийн турш ажилласан зохистой хэмтэйн дээр олон улсын шаардлагын дагуух төлөвлөлттэй ажээ. Гэтэл одоо Т.Мөнхсайхан захирлын буруу шийдвэрийн гороор ажиллагсдын эрх ашгаас гадна эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд хүндрэлтэй төдийгүй дунд нь хүний амь, эрүүл мэнд хохирох эрсдэл дагуулах нөхцөл үүсчээ. Нэг үгээр ГССҮТ-ийн дотоод байдал эмх замбараагүй болсон байна.

Одоо тасгуудыг өөрчилснөөс болоод архив, өвчтөний түүхийн дэс дараа алдагдаж, эмч нар ч яг хаана ажиллахаа тодорхой мэдэхгүйд хүрсэн. Аль эмч хэн гэгч өвчтөнийг эмчилж байгаа нь тодорхой бус, эзэнгүй хоосон өвчний түүхүүдтэй, орой нь гэнэтхэн л олон тооны мэс заслын жагсаалт гараад ирдэг, эсвэл ямар ч эмчилгээ байхгүй, юу хийх нь тодорхойгүй болчихжээ. Биднийг тус эмнэлгийн талаар сурвалжилж байхад нэгэн эмч “Би хорин хэдэн жил энд ажиллахдаа ийм замбраагүй, дарамттай байдлыг харж байгаагүй. Жишээ нь 2013 онд Энхбаяр гэдэг дарга ирсний дараа манай эмнэлэг бужигнаж байх үед ч ийм байгаагүй. Гол нь бидний энэ байдал өвчтөнд муугаар нөлөөлөх вий гэж маш их санаа зовдог ч удирдлагын шийдвэрт яагаад ч нөлөөлж чадахгүй байна” гэж байлаа.

Үүнээс гадна Т.Мөнхсайханы шийдвэрээр Амбулаторийн тасаг шинээр байгуулсан ч тэнд ажиллах орон тоогоо зохицуулж чадаагүй болохоор яахаа мэдэхгүй хэдэн сувилагч, өвчтөн л тэнд байх аж. Өөрөөр хэлбэл, дан ганц Яс үений тасаг ч биш эмнэлэг нийтээрээ хөл толгойгүй болсон хэрэг.

Тухайлбал, Амбулторийн тасагт өвчтөн хэвтүүлэх ор байсаар атал Яс үений гэмтлийн 1, 2-р тасагт Хүлээн авахаар дамжин ирдэг. Ингэснээр ясны хугаралтай өвчтнүүдэд ор хүрэлцэхгүй, маш олон хүн коридорт газраар хэвтэх болсон. Ингэснээр эмч нар ачааллыг шийдвэрлэхийн тулд мэс засал хийлгээд ганц хоёрхон хонож байгаа өвчтнүүдийг эмнэлгээс гаргаж ор суллаад, корридорт шалан дээр байгаа өвчтнүүдийг сэлгэн хэвтүүлэх маягаар арайхийн өдөр хоногийг өнгөрүүлж байна. Товчхондоо, Амбулаторийн тасагт мэс засал хийлгээд эдгэрсэн, метал бэхэлгээгээ авахуулах гэж байгаа өвчтнүүд хэвтэж байгаа нь шинээр гэмтсэн хугаралтай хүнд хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний эрэмбэ алдагдахад хүргэжээ. Хугарал бэхэлсэн мэс заслын дараа өвчтнүүдийг 1-3 хоноод гаргах шаардлагатай болж байгаа нь эмчлэгч эмчийн хяналтыг алдагдуулах аюултай гэдгийг эмч нар сэтгэл зовнин хэлж байсан юм.

Гол нь энэ байдлыг залруулах шаардлагатай байгааг эмч нарын зүгээс удирдлагадаа удаа дараа мэдэгдэж, хүсэлт гаргасан ч авч хэлэлцэлгүй өдийг хүрчээ.

Гэхдээ Т.Мөнхсайханы энэ үйлдэл туршлага дутсанаас болсон гэхэд арай өөр шалтгаантай байх юм. Тодруулбал, тэрбээр хувьдаа дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй ажээ. Тиймдээ л хувийнхаа дурангаар төлбөртэй хагалгаа хийхийн тулд ингэж шийдсэн бололтой. Тэгэхдээ эмч нарыг амралттай байсан үеийг далимдуулан, шийдвэрийг мэдэгдэлгүйгээр шууд гаргасан байна.

Хувийн дурангийн тухайд тэрбээр мэс заслын төлбөрийг данс руугаа шилжүүлэн авдаг тухай яриа бий. Мөн хувийн компаниараа дамжуулж хиймэл үе авчирч, өндөр үнээр хүмүүст шахан, чамгүй мөнгө олдог тухай ч дуулддаг.

Үүнээс гадна мань эр дарга, томчуулыг хэвтүүлэхийн тулд тусгай өрөө бэлдүүлээд эхэлжээ. Иймээс л энэ бүх хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн эмнэлгийн эмч ажилтнууд үйл ажиллагааны хэвийн горимыг эргээн сэргээхийн тулд хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрчээ.

Уншигчид та бүхэн санаж буй бол, өнгөрсөн зургаадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ГССҮТ-ийн эмч нар бөөнөөрөө явж байгаад осолд орсон хэрэг гарсан билээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан МАН-ын даргын сурталчилгаанд эмч нараа хүчээр авч явсан бөгөөд харамсалтай нь энэ үеэр осол гарч, 10 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн. Үүнээс гурван эмч маш хүнд бэртэж удаа дараа мэс засалд орсон билээ. Өдгөө нэг эмчийн бие сайжраагүй, цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, ажлаа хийж чадахгүйд хүрэх өндөр магадлалтай байгаа гэнэ. Иймээс гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүй болжээ. Гэтэл энэ тухай Т.Мөнхсайхан дарга олон нийтэд худал мэдээлж, эмч нарынхаа гэмтсэнийг нууцлах болсон байна

Тиймээс энэ асуудлыг Эрүүл мэндийн шинэ сайд Б.Сарангэрэл анхааралдаа даруй авч, өвтөн, эмч нарын эрх ашгийг хамгаалах шаардлагатай болжээ. Харин Т.Мөнхсайханыг Гэмтлийн эмнэлгийн захирлаар зүтгүүлсэн сайд асан А.Цогцэцэгийн тухайд сайдын албыг авах үедээ ашиг сонирхлын зөрчлөөсөө болж дуулианы эзэн болж байсан. Гэсэн ч тэрбээр торох юмгүй энэ албанд очиж байлаа. Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар “ХИД-2” дэлгүүрийн чанх ард нь “ALERGY MED” нэртэй арьс, харшлын эмнэлгийг цогцоор нь үүсгэн байгуулж, нөхрийнхөө нэрээр эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулж байсан. Түүнчлэн Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувиллын газартай гэдэг нь ч нууц биш болсон. Гэтэл тэрбээр сайд болохоосоо ганцхан хоногийн өмнө эмнэлгээ худалдчихсан гэх тайлбарыг өгч байв. Өндөр зэрэглэлтэй хувийн эмнэлэг хэдэн саяаас давсан үнээр зарагдана гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Сайдад нэр дэвших чимээ сонссоноос хойш томилгоо хийгдэх хооронд ганцхан хоногийн хугацаанд дээрх эмнэлэг ийм хурдан хугацаанд зарагдах уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байгаа юм. Гэтэл тэрбээр ашиг сонирхлын зөрчлөө хүчээр үгүйсгэсэн ч сайд болонгуутаа төрийн албаны томилгоог мөнгөөр хийсэн болж таарах нь.

Эх сурвалж: тоншуул.мн

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн