Өчигдөр АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буштай салах ёс гүйцэтгэх ажиллагаа Вашингтон дахь үндэсний цогчин дуганд болж өнгөрлөө. Уг хүндэтгэлийн ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгч асан бүх хүмүүс, тэдний гэргий нар оролцсон бол одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт бас оролцсон байна.
Лхагва гарагийг АНУ даяар гашуудлын өдөр болгон зарласан юм. Ерөнхийлөгч асан Картер, Клинтон, Обама нар эхнэрүүдийн хамт дараалан суудлаа эзлээд байв. Энэ үед Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт орж ирэхэд хэдхэн хормын өмнө инээлдэж, хөөрөлдөж байсан экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар царайгаа төв болгон сууцгаажээ.
Трамп тэднээс зөвхөн Барак Обама, Мишель Обама нартай гар барьж, Клинтон болон Картерын гэр бүлийг алгассан юм. Энэ үед Хиллари Клинтон “төмөр нүүр” гаргаж суусан нь хэвлэлүүдийн дуранд өртсөн байна. Харин үүний дараа ерөнхийлөгч асан “бага” Буш танхимд орж ирснээр уур амьсгал зөөлөрсөн юм.
Тэр бүх ерөнхийлөгч, тэргүүн хатагтай асан хүмүүстэй гар барин мэндчилж, бүр Мишель Обамад халааснаасаа чихэр гарган өгсөн байна. Өнгөрсөн наймдугаар сард болсон сенатор Жон Маккэйны оршуулгын үеэр тэр бас хатагтай Обаматай чихэр хуваалцаж байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байв. Мишель Обама ч “бага” Буштай дотно харилцаатай, түүнийг хөгжилтэй, харилцахад амар, эерэг энергитэй хүн гэж хэвлэлд магтан ярьж байжээ.
Эх сурвалж: Reuters, CBS News