Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд тус тосгоны харьяат 28 настай Ө /эрэгтэй/ энэ сарын 2-ны өдрийн 01:56 цагт тус тосгоны 3 дугаар хорооны шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас гэр рүүгээ харих гэж согтуу гараад сураггүй болжээ. Тэрээр явган явсан байна. Ө-г сураггүй болсон тухай дуудлагыг маргааш нь буюу энэ сарын 3-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, Улсын тусгай хамгаалалттай газрын 35 ажилтан, ар гэрийн 10 хүн, нийт 68 хүн эрлийн ажиллагааг явуулж байна.
Энэ сарын 4-ний өдөр “Эг”-ийн голын эргээс 20 метрт мөр тасарсан газраас голынхоо хаялга дагуу нийт 35 цооног гаргаж, 2 удаагийн шумбалт хийж, Хатгал тосгоноос зүүн урд зүгт “Ма толгой” гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:40 цагт эрлийг түр зогсоожээ.
Өнөөдөр 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна. “Эг” голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байгаа юм байна.