“ЖДҮ-чин” улс төрчдийн уршиг жинхэнэ үйлдвэрлэгчдийг нэрвэж эхэллээ
“ЖДҮ-чин” гэдэг нэрийг сонссон улс төрч цус харвах нь холгүй байна. Нэр холбогдсон бүхэн л яаран сандран залруулга гаргаж “паа пээ, надад падгүй, би тийм балиар зүйл хийгээгүй” гэж мэдэгдэх болов. Тэдний цэрвэж, сэжиглээд байгаа энэ салбарт уг нь 800 мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг юм шүү дээ. Тэднийг ч давхар доромжилж буйгаа ахар бодолтой улс төрчид анзаарах сөхөөгүй л байна. Салбарынх нь нэр хүндийг муу муухайтайгаа хутган тайлбарлаж байгаа нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд ямар олигтой сэтгэгдэл төрүүлэв гэж. ЖДҮХС-гаас дандаа хулгайч нар мөнгө авчихсан юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлснээс жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хэлмэгдэж байгааг ч зүгээр өнгөрүүлэмгүй. Тиймээс тэднийг ялгахын тулд “ЖДҮ-чин” ба жинхэнэ ЖДҮ эрхлэгч хэмээн салгаж бичиж буйг тунгаана биз ээ.
Жинхэнэ ЖДҮ-ийн салбарынхан “ЖДҮ-чин” улс төрчдийг хутгалдаагүй байхад Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж, нийгмийн асуудлыг ч тодорхой түвшинд шийдэж байсан. Үүнийг тоо баримтаас ч тодорхой харж болно. 2009-2017 онд ЖДҮХС-д 3.8 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7.5 мянган төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40,628 ажлын байр шинээр бий болж, 25,417 ажлын байр хадгалагджээ. Ийм өсөлтөд хүрэх гол нөхцөл нь төрөөс үзүүлэх бодит дэмжлэг байв. Төрөөс ЖДҮ эрхлэгчдэд гурван эх үүсвэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Оргил үед нь төрөөс 150 тэрбум, орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулан 80 тэрбум төгрөг олгож байж. Үүний үр дүнд л жинхэнэ ЖДҮ эрхлэгчид эдийн засаг, нийгмийн салбарыг өргөлцөж явсан хэрэг. Харамсалтай нь, 2018 онд ЖДҮХС-д төсвөөс олгосон 72.4 тэрбум төгрөгийн хэд нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очсон нь тодорхойгүй болж энэ салбар доголдохын ирмэгт туллаа.
ЖДҮ эрхлэгчид хэдий болтол “бүрэн эрхт” гарын үсэг царайчлах вэ
ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэргээр тус сангийн захирал, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг хорьж УИХ-ын зургаан гишүүнд АТГ хэрэг үүсгэн шалгаж эхэлсний дараагаас тус сангийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд оржээ. Харин төрийн шалгалт “ЖДҮ-чин” улс төрчдийг “тойглож” байх хооронд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид эрсдэлтэй байдалд орж байгааг нэгэн жишээгээр баримт болгоё.
Хөвсгөл аймагт газар тариалан эрхлэгч нэгэн ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж тариалалт хийжээ. Гэвч ургацаа хураах болоход ЖДҮХС-гийн санхүүжилт гацсанаас өр тавихаас өөр аргагүйд хүрч. хугацаа, хуртай уралдахын тулд таньдаг мэддэг бүхнээсээ өр шир тавин ургацаа хураасан ч өнөөдөр санхүүгийн эрсдэлд орж нэхүүл, дагуулаас бултаж зүдэрч байгаа тухайгаа ярьж байна. Нэрээ нууцалж, учраа тайлбарласны шалтгааныг бас ойлгох буй за. ЖДҮХС-г царайчлан яваа дээр нь элдэв шалтаг “шавар хаах” магадтай тул нэрээ нууцалсныг хүлцэх биз. Харин түүний адил ЖДҮХС-гийн санхүүжилт зогссоноос мөнгөө авч чадалгүй эрсдэлд орж буй олон компани байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Санхүүжилт зогссоны гол шалтгааныг хөөж үзвэл ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг АТГ баривчилснаар санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх давхар “хоригджээ”. Улмаар компаниудад олгох ёстой санхүүжилт нам гацсан байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “ЖДҮХС-гийн даргыг түр орлон гүйцэтгэгчийг томилсон ч жинхлээгүй учраас санхүүгийн гарын үсэг зурах эрхгүй байгаа. УИХ-аар ХХААХҮ-ийн сайдыг томилсны дараа сайд түр орлон гүйцэтгэгчийг жинхэлж сангийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн болно” гэсэн хариуг өгч байгаа. Салбарын сайдыг “ЖДҮ-чингээр” тодруулж огцруулснаас хойш тус яам эзэнгүйдэж ЖДҮХС-гийн санхүүжилт “царцихаад” байгаа нь энэ. Засгийн газар Ч.Улааныг сайдад нэр дэвшүүлж Ерөнхийлөгчийн дэмжлэгийг аваад байгаа ч Засгийн газрыг огцруулах асуудалтай давхцан парламентаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Компаниуд хэдий болтол бүрэн эрхт мутрын дардас царайчилж суухыг парламент мэдэх болж байна. хэрэв салбарын сайдыг яаралтай томилж чадахгүй бол ЖДҮХС-гийн санхүүжилт жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд түвэг удсаар байх нь. Дээдсийн толхилцооны урхаг доодсын амьдралд хүчтэй нөлөөлдгийн нэг л жишээ энэ.
Уг нь ЖДҮ эрхлэгчдийг бүртгэлжүүлэхээс эхлээд санхүүжилтийг нэмэгдүүлэх төдийгүй албан татварыг нь нэг хувьд хүртэл бууруулах сайхан заалттай хуулийн төсөл өргөн баригдсан ч бас л УИХ-ын танхимын үүдэнд гацчихсан. Хууль хэлэлцэх “ЖДҮ-чин”-гүүд сэвсэн сэдэв, савсан сандал суудлын хэрүүлд дөрлөгдөөд ард түмэн манатай. Тэгэх мөртөө ард түмний нэрийг барьж хамсаатан болгох шахахыг яана.
Ирэх онд ЖДҮХС-гийн дансанд төсвөөс 47 тэрбум төгрөг хуваарилсан. Түүнийг өөрсөддөө бус жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд түвэг багатай олгоход анхаарвал яасан юм бэ, “ЖДҮ-чид”-ээ.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин