АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Буш арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 94 насандаа таалал төгсжээ. Тэрээр Баасан гаригийн шөнө /2018.11.30/ Хьюстон дахь гэртээ нас нөгчсөн байна. Түүний гэргий Барбара долоо сарын өмнө бурхан болсон юм.
Талийгаачийг өчигдөр /2018.12.03/ АНУ-ын Конгрессийн ордонд авчирсан бөгөөд гурав хоногийн турш цэрэг, улс төрийн элитүүд ирж, түүнд хүндэтгэл үзүүлэх ажээ. Мөн улс орон даяар гашуудал зарлан, Цагаан ордны өмнөх төрийн далбааг бөхийлгөсөн байна.
Гэр бүлийн гишүүд болон ойрын хүмүүс нь өчигдөр салах ёс гүйцэтгэсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт ирэн, хоёр минут нам гүм болж, салах ёс гүйцэтгэжээ.
Жорж Герберт Буш нь 1981-1989 онд буюу дэлхий ертөнц хоёр хуваагдаад байсан хүйтэн дайны он жилүүдийн төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байв. Улс төрийн өндөр албан тушаалтны хувьд салах ёсыг Конгрессийн танхимд төрийн ёслолын журмын дагуу үйлдэх учиртай тул талийгаачийг хүү, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш Техасаас Вашингтон руу онгоцоор авчирсан байна.
Эцэг Бушийг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр буюу гэр бүлийнхэн нь үг хэлж дууссаны дараа төрийн албан хаагчдаас хамгийн эхэнд Бүгд найрамдах намын дарга Митч МакКонелл үг хэлж, түүнийг “төлөв даруу төрийн хүн, гайхалтай удирдагч” байсан гэжээ.
Конгрессийн танхимд маргааш /2008.12.05/ Ерөнхийлөгч асан Жорж Герберт Буштай салах ёс гүйцэтгэх бөгөөд түүний албан ёсны оршуулгын үйл ажиллагаа Вашингтоны үндэсний сүмд болох юм.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Бушийн гэр бүлтэй тийм ч таатай харилцаатай биш байв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг тодруулах үеэр түүний гол өрсөлдөгч нь Жорж Бушийн хүү Жеб Буш байсан бөгөөд кампанит ажлынхаа үеэр түүнийг доромжилсон утгатай үгс хэлж байсан аж. Трамп 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийг Иракийн дайныг эхлүүлсэнд нь эрс эсэргүүцсэн байр суурь баримталдаг байв. Түүнчлэн Жорж Буш 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтонд саналаа өгсөн хэмээн мэдэгджээ.
Дональд Трамп эцэг Бушийн оршуулгын үйл ажиллагаа болох өдөр буюу Лхагва гаригт /2018.12.05/ Холбооны Засгийн газар болон Нью-Йоркийн хөрөнгийн биржийг амраах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: news.mn