Нийслэл хотын 2019 оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэх байсан НИТХ-ын ээлжит ХХ хуралдаан өнөөдөр болох байсан ч хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу хойшлогдлоо. Уг хүсэлтийг НИТХ дахь МАН, АН-ын бүлэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлжээ.
Тиймээс хуралдааны дэгийн 4.6 дахь заалтыг үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ дахь хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн ээлжит хуралдааныг маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны лхагва гарагт хуралдуулахаар боллоо.
Мөн Засаг дарга С.Батболдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг маргааш хэлэлцэхээр болжээ. Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан бол Хотын захирагч С.Батболд энэ сарын 10-наас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэнтэй холбогдуулан уг асуудлыг маргааш хэлэлцэхээр болсон байна.