Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өчигдөр (2018.12.03) Засгийн газраас танилцуулаад буй.
Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн эдгээр албан бичгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн өчигдөр хариу илгээжээ.
ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫН ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.